Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн хүүхдэдээ давуу байдал олгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан гэх үйлдэлд холбогдсон юм. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г тэрбээр хүү Л.Түмэндэлгэртэйгээ байгуулсан байдаг.
Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагдаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхдээ сургаж, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийг олгон, эдийн засгийн давуу байдал үүсгэсэн хэмээн П.Лхагвасүрэнг яллагдагчаар тооцоод буй билээ. Үүгээр ч зогсохгүй “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолыг хүчингүй болгосон гэдэг. БЗС-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнгийн хувьд өмнө нь хүүгийнхээ нэр дээр байгуулсан “Мосс” гэх компанид 129.8, оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан 157 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгтээ торгох ял шийтгүүлсэн нэгэн юм.