Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд тус тусдаа “тусгаар тогтносон” байгууллагууд үйл ажиллагаа явуулж, түүний хэрээр албан тушаалтнууд нь авлига, хээл хахууль, ашиг сонирхлоо ямар нэг аргаар гүйцэлдүүлж байдаг жишээ цөөнгүй. Төмөр замын “вант улс” ЗТХЯ-ны эрхлэх асуудалд хамаардаг. Удирдах хэд хэдэн албан тушаалтан нь авлига, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдан шүүхийн хаалга татаж байв. Түүний нэгэн адил Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) гэж бас нэг “тусгаар тогтносон” бүтэц ЗТХЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж буй. Үе үеийн удирдлага нь Боловсролын зээлийн санд хамааралгүйгээр өөрсдийн танил тал, ойр дотнын хүмүүсийг ИНЕГ-ын зардлаар тухайн салбарт нэн шаардлагатай бус мэргэжлээр гадаадад сургаж, төлбөрийг нь төлсөөр ирсэн нь тус байгууллага “тусгаар тогтносон” хэлбэрээр ажилладгийн бэлээхэн жишээ.
Бас нисэхийн салбарын ажилтнуудын англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр “Гүрэн” гэх сураггүй шахам дээд сургуультай гэрээ байгуулж их хэмжээний мөнгө шилжүүлчхээд одоо болтол нэхэмжилж авахгүй байгаа нь мөн л ЗТХЯ-ндаа хамааралгүй, туурга тусгаар ажиллаж буйг гэрчлэх нэг баримт.
Тэгвэл төр засгийн бодлогоор иргэдийн эрх ашгийг дээдлэх үүднээс нислэгийн тийзийн үнийг хямдруулахын тулд онгоцны түлшийг гуравдагч аж ахуйн нэгжийн оролцоогүйгээр, үйлдвэрээс нь шууд худалдан авах зорилт тавьсан. Гэтэл ИНЕГ-ын удирдлага нөөцөд байх ёстой онгоцны түлшээ бусдад “өгч” байж. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе.
“ЭРЧИС ОЙЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРХЭВ
Засгийн газраас 2020 онд Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай 14 дүгээр тогтоолын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мөн онд баталсан А/81 дүгээр тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн харьяанд “Эрчис ойл” гэх компанийг байгуулсан билээ. Уг компани мэдээж Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах ёстой. Эл хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан.
Энэ заалт нь “Эрчис ойл” ХХК-ийг олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай, үүний дотор хамтын ажиллагааны хэлэлцээр хийж буй ОХУ-ын Роснефть компанийн харьяа “РН аэро”-той хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзээд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ийнхүү эрх зүйн орчноо бүрдүүлснээр шатахууны үнэ тодорхой хэмжээгээр буурч, онгоцны тийз ч хямдарсан. Өөрөөр хэлбэл, ИНЕГ-ынхан 2022 оны есдүгээр сараас хямд үнэтэй шатахуун авч эхэлсэн гэсэн үг.
Ийнхүү төр засгийн бодлогоор хойд хөршийн онгоцны шатахуун үйлдвэрлэгчтэй хамтарсан аж ахуйн нэгж байгуулсан нь нисэхэд түлш нийлүүлдэг “Содмонгол” компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, монопол байсан энэ аж ахуйн нэгжийнхэнд унах ашиг үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Эрчис ойл”-ыг байгуулахыг ихэд эсэргүүцэж байсан юм даг. Онгоцны түлш нийлүүлэгч монопол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах шахам байж байгуулсан “Эрчис ойл”-ыг төд удалгүй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас салгаж, УУХҮЯ-ны шууд удирдлагад авах “зарлиг”-ийг салбарын сайд нь гаргаснаар хувь заяа нь Ж.Ганбаатарын эрх мэдлээс шалтгаалах болсон билээ.
Ийнхүү УУХҮ-ийн сайдын атганд “Эрчис ойл” орсноос болсон уу, эсвэл ИНЕГ-ын удирдлага, “Содмонгол”-ынхны ашиг сонирхол байсных уу, онгоцны түлшний авлага, өглөг Засгийн газрын агентлаг, хуучин монопол аж ахуйн нэгжийн хооронд үүсчихэв.
АВСАН ШАТАХУУНАА ХУГАЦААНД НЬ ӨГӨӨГҮЙГЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛДАГДАЛ ҮҮСЖЭЭ
ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн мэдэлд агаарын хөлөгт зориулсан нөөц шатахуун байх ёстой аж. Гэтэл ИНЕГ-ынхан “Содмонгол”-той 2023 оны долоодугаар сарын 25-нд 50/23 дугаартай Агаарын хөлгийн ТС-1 төрлийн шатахууныг усыг усаар буцаан олгох нөхцөлтэй гэрээ байгуулж, тус хувийн компанид олгосон байна. Өөрөөр хэлбэл, “Эрчис ойл”-оос хамгийн хямд үнээр авсан онгоцны шатахуунаа “Содмонгол”-д өгчихсөн гэсэн үг. Уг нь энэ нөөц шатахууныг Зам, тээврийн хөгжлийн сайдын гарын үсэгтэй зөвшөөрлөөр ашиглах ёстой хэмээн нисэхийн салбарын мэргэжилтнүүд, тэр дундаа Шатахуун хангалтын албаны ажилтнууд нь хэлж буй юм. Хэрэв нисэхийн мэргэжилтнүүдийн хэлж буй нь үнэн, салбарын сайдын зөвшөөрөлгүйгээр “Содмонгол”-д нөөцөөсөө олгосон бол ИНЕГ-ын удирдлага албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл өдүүлсэн гэхэд хилсдэхгүй нь. Үүнийг холбогдох хуулийн байгууллага анхааралдаа авч шалгах нь зүйд нийцнэ.
Бидний авсан мэдээллээр “Содмонгол”-ынхон ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын албаны агуулахаас ТС-1 маркийн 500 тн түлш 2023 оны долоодугаар сарын сүүлчээр хүлээн авсан аж. Улмаар тодорхой хугацааны дараа түүнийгээ хүлээлгэн өгөх ёстой болоход гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан 2023 оны аравдугаар сар хүртэл хугацааг нь сунгасан гэнэ. Заасан хугацаандаа шатахууныг олгоогүй тохиолдолд хоногийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээндээ тусгажээ. Ингээд 2023 оны арваннэгдүгээр сарын 27 болоход алданги нь 109.5 тн болж нэмэгдсэн байна. Тиймээс ИНЕГ-аас Агаарын хөлгийн ТС-1 төрлийн шатахууныг усыг усаар буцаан олгох нөхцөлтэй гэрээний дагуу 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны дотор 400 тн түлшийг алдангийн хамт буцаан олгохыг шаардсан албан бичгийг “Содмонгол”-д хүргүүлсэн байгаа юм. Хэрэв уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тн тутамд 4.5 сая төгрөг гаргуулан авахаа ч анхааруулсан аж.
Үүний хариуд “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвренчин “ОХУ-ын Синерги ойл групп”-ээс ТС-1 онгоцны түлш авахаар болсон ч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүсэж, тус улсын талаас онгоцны хөдөлгүүрийн түлш нийлүүлэхээс татгалзсан. Тиймээс давагдашгүй хүчин зүйл буюу force majeure үүссэнийг харгалзан 400 тн ТС-1-ийн төлбөрийг харилцан тохиролцож мөнгөөр буцаан олгох хүсэлт ИНЕГ-т өгч байсан гэнэ. Гэвч 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлч болоход шатахуунаа буцааж олгоогүйгээс алданги нь 140 тн-д хүрч, энэ оны нэгдүгээр сарын 12-ны дотор төлөхийг шаардсан бичиг дахиад ИНЕГ-аас “Содмонгол”-д хүргүүлэхээр болсон байгаа юм. Гэвч ИНЕГ-ын удирдлага, тэр дундаа Захиргаа удирдлага, хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн нь үүнийг болиулсан гэнэ.
Түүгээр ч зогсохгүй шатахуунаа алдангийн хамт төлсөн, эсэх нь тодорхойгүй байхад “Голомт” банк руу 2023 оны арванхоёрдугаар сарын 22-нд “2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний байдлаар тооцооны үлдэгдлийн баталгаагаар дээрх гэрээний үүрэг биелэгдсэн байх тул төлбөрийн баталгааг цуцалж өгнө үү” гэсэн албан тоотыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа гарын үсэг зурж баталгаажуулан явуулжээ. ИНЕГ-аас энэ оны нэгдүгээр сарын 12-ны дотор төлөхийг шаардсан албан бичиг гаргаж байсан нь “Содмонгол”-ынхон хугацаандаа төлбөрөө төлөөгүйг илтгэж буй мэт.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үүсгэн байгуулсан компанийн эрх ашигт үйлчлэн, хямд үнээр “Эрчис ойл”-оос авсан нөөцийн шатахуунаа “Содмонгол групп” ХХК-тай гэрээ байгуулан олгосноор ИНЕГ-ынхан 1.8 тэрбумаар үнэлэгдэх алданги үүссэнийг нуун дарагдуулсан байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч шалгаасай.