Даланзадгадын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Тодорхой хэлбэл, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 04 цаг 10 минутад станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж О суусан. Станцын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул хэсэг хугацааны дараа үзлэг хийсэн гэнэ.
Улмаар үзлэгээр бойлерийн конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн аваар үүссэнийг тогтоожээ. Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар ажиллаж байна.
Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтөгсөөс ослын талаар тодрууллаа. Тэрбээр "Дулааны цахилгаан станцын цуглуулгын банканд даралт үүссэнээс шалтгаалан дэлбэрэлт үүссэн гэсэн анхны дүгнэлттэй байна. Дэлбэрэлтийн үеэр металл биет шидэгдэж нэг трансформаторыг гэмтээсэн. Засварын ажил үргэлжилж байна. Нэгээс нөгөөд нь шилжүүлэн суулгаад нэг трансформатаа ажиллагаанд оруулахаар бэлтгэж байна. Ингээд дотоод хэрэгцээгээ аваад гуравдугаар зуухаа галлаад амжилттай болвол нийт хэрэглэгчээ дулаанаар бүрэн хангана. Өмнөговь аймгийн хувьд Эрчим хүчний яамтай гэрээ байгуулж, 11-5 дугаар сар хүртэл Даланзадгад сумын хэрэглэгчдийг дулаанаар хангахаар болсон.
Ер нь техник тоног төхөөрөмжийн элэгдэл, байшин барилгын насжилт зэрэг нь хугацаатай байдаг гэдгийг л харуулж буй үйл явдал боллоо. Энэ жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5.2 тэрбум төгрөгөөр 29 мвт-ын усан халаалтын зуухаар өргөтгөхөөр аймгийн үндсэн чиглэлд суусан байгаа юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд бид бичиг цаасны ажил болон зураг төсвөө яаралтай хийчихвэл ирэх онуудад ашиглалтад оруулах боломж бий" хэмээлээ.