Манай улсад тагнуул хийсэн гэх үндэслэлээр Азийн нэгэн орны иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан гурван монгол хүнийг өнгөрсөн сарын 29-нд саатуулжээ. Тагнуулын байгууллагын эх сурвалжууд “Манай улсад тагнуул хийж байсан гадаад орны нэг иргэнийг хамтарч байсан хүмүүстэй нь саатуулсан. Өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хорьж шалгаж байгаа” гэсэн юм.
Монгол Улсын иргэдэд Эрүүгийн хуулийн 19.1-ийн эх орноосоо урвах, 19.4-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэсэн үндэслэлээр мөрдөх ажиллагааг үргэлжлүүлж буй бол харийн хүнийг мөн хуулийн 19.10-ын “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэх заалтын дагуу шалгаж байна. Эрүүгийн хуульд “Тагнуул хийх” гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно хэмээн заасан юм.
Монгол Улсад өмнө нь гадаадын тусгай албаны хэд хэдэн хүн тагнуул хийж байгаад баригдан, мэдээлэл дамжуулагсадтайгаа хамт ял шийтгүүлсэн байдаг. Тухайлбал, манай улсад “Голомт” хотхонд суурьшин хоёр жилийн хугацаанд тагнуул хийсэн Тайванийн иргэн Ван Ченхун болон түүнтэй хамтарч ажилласан Д.Амгалан, А.Мөнхжаран нарт холбогдох хэргийг 2019 онд шүүхээр шийдвэрлэж, тус бүрд нь 13 жил хорих ял шийтгэсэн. Түүнээс хойш Хятадын тусгай албаны ажилтан Бао Гуожунтай хамтран ажилласан хэрэгт манай улсын иргэн Д.Алтанцэцэг, түүний охин Б.Эрдэнэзул нарын үйлдлийг манай тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж, шүүхээс Монгол Улсын иргэдэд найм, БНХАУ-ын тусгай албаны ажилтанд 12 жил хорих ял оноож байсан билээ.