Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Эстони улсын парламентын гишүүн Вадим Велоброцевтой уулзав.
Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дотроо боловсролын салбар, мөн цахим шилжилтийн талаар мэдээлэл солилцож ярилцав.
Монгол Улс Боловсролын багц хуулиудаа шинэчлэн баталсан бөгөөд хуулийн шинэчлэлээр бүх түвшний боловсролын чанарыг сайжруулах зорилготой. Үүний хүрээнд 6 шинэчлэлийг эхлүүлээд байгаа тухай яриандаа дурдлаа. Үүнд: сургалтын хөтөлбөр, багшийн чанар, хангалтыг сайжруулах, боловсролын үнэлгээ, чанарын баталгаажуулалт, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, цахим шилжилт, засаглал, удирдлага.
Эстони Улс иргэндээ тэгш боломж олгосон ээлтэй нийгмийг бий болгох, бизнесийн орчныг сайжруулахад анхаарч, тусламж хэрэгтэй хүн бүрд төр анхаарал хандуулах хэрэгтэй байгаа тухай онцоллоо. Эстони Улсын боловсролын салбарын өнөөгийн тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа багш нарын цалин нийгмийн батлагаа, багш бэлтгэх тогтолцоо, эцэг эх, асран хамгаалагчдын хандлага, сургалт үйл ажиллагаан дахь оролцоо, цахим шилжилтийн асуудлаар сургамж, туршлагаа хуваалцав.
Вадим Велоброцев Эстонийн парламент дахь Эстони-Монголын парламентын бүлгийг дахин байгуулна гэдгээ мэдэгдлээ.