"МИАТ" ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдэв. Ингэснээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Тодруулбал, "МИАТ" ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.
Л.Номин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөсөн авсан гурав дахь үеийн нисгэгч юм. Тэрбээр анхны бие даасан нислэгт гарахын өмнөх сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Би өнөөдөр BOEING 7-37-800 агаарын хөлөг дээр анхныхаа бие даасан нислэгийг үйлдэж байна. Анх 2018 онд Канад улсад нисгэгчээр төгсөөд, таван жилийн хугацаанд завсарласны дараа нисгэгчийн карьер маань үргэлжилж байгаад маш их баяртай байна. Сэтгэл зүйн хувьд би өөрийгөө бэлэн болсон гэж бодож байна. Бие даасан нислэгээ хийхээс өмнө 200 цаг "Line training" хийдэг. Шалгуулаад, нислэгээ хийгээд багш нартайгаа зөвлөөд байнга хамт явдаг. Өөрийгөө бэлэн болсон гэж бодож байгаа учраас сандрал бага байна" хэмээв.