Хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хоёр агуу гүрэн болох Испани, Бразилын шигшээ баг өнөөдөр Мадрид хотод нөхөрсөг тоглолт хийнэ. Эл хоёр баг хамгийн сүүлд 2013 онд учраа таарч тоглосон түүхтэй.
Испанийн шигшээ баг Европын АШТ-ий эрхийн төлөөх тоглолтуудад өөгүй гэмээр тоглосон. Тэд Гүрж, Кипр, Норвег, Шотландын багтай нэг хэсэгт орсон. Ингэхдээ ганцхан Шотландын багт л (0:2) хожигдож, бусад тоглолтод ялахдаа 25 гоол оруулж, гурван гоол хаалгандаа алдсан юм. Түүнчлэн Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалд шалгарч, аваргын төлөөх тулаанд Хорватын багийг(0:0, торгуулийн цохилтоор 5:4) хожсон билээ. Сонирхолтой нь, эл хоёр улсын шигшээ баг“Евро-2024” тэмцээний нэг хэсэгт орсон. Энэ нь сүүлийн зургаан жилд тэд таван удаа хоорондоо таарч тоглоно гэсэн үг юм. Тэдэн дээр Итали, Албанийн баг нэмэгдэнэ.
“Улаан уур хилэн” энэ сарын 22-нд Лондон хотод Колумбийн багтай нөхөрсөг тоглолт хийж, 0:1-ийн харьцаатай хожигдсон. Гэхдээ эл тоглолтод дасгалжуулагч дела Фуэнте зарим гол тоглогчоо сэлгээнд суулгаж, бүрэлдэхүүнээ туршиж үзсэн юм. Жишээлбэл, талбайд “Барселона”-гийн 17 настай хамгаалагч П.Кубарси гарч, Испанийн шигшээ багийн төлөө тоглосон хамгийн залуу хөлбөмбөгч болж түүхэнд үлдсэн. Сонирхолтой нь, П.Кубарси, Л.Ямалийг төрөөгүй байхад Испанид тоглож байсан 38 настай Х.Навас Колумбийн багийн сэлгээний хаалгачаар сууж байв.
Бразил, Испанийн шигшээ баг хамгийн сүүлд 11 жилийн өмнө учраа таарч тоглосон. Тодруулбал, 2013 оны Холбоодын цомын тэмцээнд таарч тоглоход Бразилын багт Жулио Сезар, Халк, Фред, Жо, Данте нарын “домог”- ууд Луис Фелипе Сколаригийн удирдлагад тоглож байсан. Тэгвэл эсрэг багт нь тэднээс дутахааргүй И.Касильяс, А.Иньеста, Хави, Ф.Торрес, А.Арбелоа нарын шилдгүүд тоглосон. Ташрамд дурдахад, тэрхүү тоглолтод оролцсон хөл бөмбөгчдөөс зөвхөн Х.Навас л энэ удаад талбайд гарах боломжтой юм.
Бразилын шигшээ баг2026 оны ДАШТ-ий эрхийн төлөө тун тогтворгүй тоглолт үзүүлж байна. Тэд Боливи, Перуг хожиж, хоёр дараалсан ялалт байгуулсан. Гэсэн ч дөрвөн тоглолт дараалан ялсангүй. Тэр тусмаа Уругвай (0:2), Колумби(1:2), Аргентин (0:1) гэсэн гурван гол өрсөлдөгчдөө хожигдов. “Пентакампеонууд” одоогоор хэсгийг тэргүүлэгч Аргентинаас найман оноо дутуу, 10 багаас зургаадугаар байрт бичигдэж буй. Үр дүнд нь дасгалжуулагч Ф.Динис халагдаж, Д.Жуниор шигшээ багийг удирдах болов. Түүний удирдлагад бразилчууд эхний тоглолтоо хийж, энэ сарын 23-нд Английг1:0 харьцаатай хожсон. Хоёр баг бараг л сэлгээний тоглогчдоо тоглуулсан агаад цорын ганц гоолыг“Палмейрас”-ын 17 настай залуу довтлогч Эндрик оруулсан.
Бразил, Испанийн багийн энэ удаагийн дуэльд Эндрик, П.Кубарси гэсэн өсвөр насныхны өрсөлдөөнийг харах боломжтой юм. Эцэст нь өгүүлэхэд, ирэх жил Эндрик “Реал”-д ирснээр тэдний өрсөлдөөн Испанийн класикод үргэлжлэх боломжтой.
Бэлтгэсэн Н.Энх