Энэ улиралд Европын топ лигүүдэд цөөнгүй баг гэнэтийн амжилт үзүүллээ. Улмаар Европын цомын тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна. Дасаагүй байрандаа дээгүүр “жаалж” буй тэдгээр багийг товч танилцуулъя.
“АСТОН ВИЛЛА”
У.Эмеригийн баг “Аваргуудын лиг”-т “Тоттенхэм”-ээс таван онооны илүүтэй бичигдэж байна. Тэд эхний тойрогт “Ньюкасл”-д 1:5-аар бут ниргүүлсэн ч түүнээс хойш маш сайн тоглож, он дуусахаас өмнө “Челси”, “Тоттенхэм”, “Сити”, “Арсенал” зэрэг том багийг хожсон. “Астонвилла”-чууд эл формоо одоо ч хадгалж, сүүлийн тойргуудад “Фулхэм”, “Ноттингем форест”, “Лутон”-ыг буулгаж авчээ.
“Вилла”-гийн эл гайхалтай амжилтад довтлогч О.Уоткинс чухал үүрэг гүйцэтгэж байна. Нийт гоолд оролцсон тоогоор (16 гоол+10 гоолын дамжуулалт) Премьер лигийн бүх тоглогчийг тэргүүлж буй түүнд Английн шигшээ багт дуудагдах сайхан боломж гарч ирлээ. Тус баг өнгөрсөн улирлын өдийд 11 дүгээр байрт бичигдэж байв. Харин ч улирлын эцэст наймдугаар байрт орсноор Конференц лигт тоглох эрхтэй болсон. Тэгвэл энэ улиралд Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцох эрх авч магадгүй нь.
“ШТУТГАРТ”
Өнгөрсөн улиралд доошоо унах аюулаас арай хийн аврагдаж байсан“Штутгарт” энэ жил гэнэт“ цоорч”, лигтээ“Байерн”, “Байер” хэмээх томчуудын ард, гуравдугаар байрт явж байна. Тэд“Дортмунд”-аас зургаан оноогоор тасарчээ. Түүнчлэн энэ улиралд Европын шилдэг довтолгоотой багуудын нэгт тооцогдож буй. Гвиней довтлогч С.Гирасси нь аль хэдийн 20 гоол оруулаад байна.
“Штутгарт”-ыг өнгөрсөн улирлаас буюу лиг дуусахаас найман тойргийн өмнө, “хомоол хамж” байхад нь С.Хенесс дасгалжуулж эхэлсэн. Багаа доод лигрүү унах аюулаас аварсан түүнийг энэ улиралд гайхамшгийг бүтээнэ гэж хэн ч тооцоолоогүй нь лавтай. Гэхдээ энэ улирал дууссаны дараа багийн гол тоглогчид болон С.Хенессийг Европын топ багууд “уургалах” ихээхэн магадлалтай.
“БОЛОНЬЯ”
“Сери-А”-гийн дөрөвдүгээрт буюу “Аваргуудын лиг”-ийн эрх авах боломжтой байрт“Болонья” жагссаар байна. Өөрөөр хэлбэл, “Рома”, “Наполи”, “Фиорентина”, “Лацио” зэрэг нэр хүндтэй багийн дээр “Болонья” бичигдэж буй. Т.Моттагийн баг өнгөрсөн сард тав дараалж ялахдаа “Фиорентина”, “Лацио”-г буулгаж авсан. Тэд энэ сарыг ч мөн л ялалтаар эхлүүлж, “Аталанта”-г хожоод байна. “Болонья”-г өдгөө XXI зууны хамгийн шилдэг амжилтаа үзүүлж байна хэмээн олон хүн дүгнэж буй.
Тэд бөмбөг эзэмшилтээр лигтээ гуравдугаар байрт явж буйгаас гадна хамгаалалтын үзүүлэлтээр дөрөвдүгээрт орж байгаа юм. Мөн тоглолтын найруулга, прессингээр лигтээ өндрөөр үнэлэгдэж буй. “Болонья”-гийн эл гэнэтийн амжилтын нэг эзэн нь довтлогч Ж.Зиркзее. Нийт 10 гоол оруулаад буй голланд тоглогч хууралт, хамгаалалт, дамжуулалтаараа онцгойрч байгаа учир энэ зун том багууд түүний төлөө өрсөлдөх нь тодорхой болсон. “Болонья” өнгөрсөн улиралд 10 дугаар байр эзэлсэн. Тэгвэл энэ жил түүнээс дээгүүр байрт орох өндөр магадлалтай байна.
“БРЕСТ”
Өнгөрсөн улиралд дөнгөж 14 дүгээр байрт орсон даруухан“Брест” энэ жил удаах өрсөлдөгчөөсөө дөрвөн онооны илүүтэй дэд байрт бичигдэж байна. Тэд энэ улирлын эхний тойрогт ПСЖ-г хожиж, дараа нь тэнцсэнээр Францын лигийн маргаангүй лидерийг зогсоогоод амжсан. Тус багийг өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас Э.Руа удирдаж эхэлсэн бөгөөд 2022-2023 оны улирал дуусахаас хоёр тойргийн өмнө доод лигрүү унах аюулаас аварч байв. Харин энэ улиралд тэрбээр “Брест”-ийг байнга алдаа гаргадаг, өрсөлдөгчдөө гоолын боломж хэр барагтай олгодоггүй“ширүүн” баг болгон хувиргажээ. “Брест” 1987 онд Францын дээд лигт наймдугаар байр эзэлж, хамгийн шилдэг амжилтаа үзүүлсэн. Энэ улиралд тэд түүхийг шинээр бичих сайхан боломж бүрдээд байна.
“ЖИРОНА”
Каталоны баг энэ улирлын эхний хагаст супер тоглож, Ла лигт зөвхөн“Реал”-д ялагдсан. Харин 2024 он гарснаас хойш хямралд орж, сүүлийн зургаан тойрогт гурав ялагдаж, нэг тэнцэн, хоёр яллаа. Ингэснээр тэд лигийг тэргүүлэгч “Реал”-аас долоон оноогоор хоцорч эхлэв. Гэтэл ард нь “Барселона” ердөө ганцхан онооны зөрүүтэй ойртож ирээд байна. Түүнчлэн гурван оноогоор хоцорч буй“Атлетико” ч “Жирона”-г гүйцэх боломжтой юм. Тэд өнгөрсөн улиралд 27 тойргийн дараа 11 дүгээр байрт, энэ жилийнхээс 15-аар цөөн оноотой явж байсан.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар