Олон улсын хөл бөмбөгийн холбооны зургаан өөр тивийн гишүүн холбоодын шигшээ багийг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “FIFA series” цуврал нөхөрсөг тоглолтыг ирэх сараас эхлүүлнэ. “FIFA series” шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтуудаа ирэх сарын 18-26-нд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри Ланка улсад зохион байгуулах юм. Уг төслийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан Азербайжаны Баку хотод тус улсын шигшээтэй ирэх сарын 22-нд, Танзанийн багийнхантай 25-нд тоглоно. Манайхан өмнө нь Африкийн Маврики, Европын Гүрж улсын шигшээ багтай тоглож байсан. Тэгвэл энэ удаад Азербайжан, Танзанийн тамирчидтай учраа тааран тоглох нь.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Олон улсын хөл бөмбөгийн холбооны футзалын шүүгчийн сургалт саяхан өндөрлөсөн. Үүний дараахан Азийн хөл бөмбөгийн холбооны футзалын дасгалжуулагчийн I зэрэглэлийн сургалт эхэллээ. Монголын хөл бөмбөгийн холбооноос хэрэгжүүлж буй “21 аймгийн гишүүн холбооны дасгалжуулагчийг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд тус байгууллагын Техникийн хэлтсээс үе шаттай сургалт зохион байгуулж байгаа. Сургалтад 17 дасгалжуулагч хамрагдаж буй бөгөөд тэдэнд элит зэрэглэлийн сургагч багш, БНСУ-ын мэргэжилтэн, доктор профессор И Ён Жин зургаа хоног хичээл заах аж. Үүний дараа Техникийн хэлтсээс хүүхдийн клубүүдийн хаалгачийн дасгалжуулагчийг хөгжүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.