Францын ПСЖ баг гол тоглогч К.Мбаппе гүй тоглох шинэ эринд бэлтгэж эхэллээ. Тухайлбал, “Ренн” багийн эсрэг тоглолтын 66 дахь минутад түүнийг сэлгээгээр суулгасан. Тухайн үед ПСЖ өрсөлдөгчдөө 0:1-ийн харьцаатай хожигдож байсан билээ. Ерөнхий дасгалжуулагч Л.Энрике тоглолтын дараа “Эрт орой хэзээ нэгэн цагт бид Килиан Мбаппегүй тоглож сурах ёстой” гэж өгүүлсэн. Баг нь ч од тоглогчийнхоо эзгүйд Г.Рамушийн 90+7 минутад оруулсан гоолын ачаар тэнцжээ.
Ийнхүү Францын топ багт өөрчлөн байгуулалт эхлэх нь тодорхой болоод байна. Килианд өгдөг байсан 200 сая еврогийн цалингийн цэс суларснаар эл мөнгийг шинэ тоглогчид авахад зарцуулах боломж бүрдэнэ.
Английн “Times” сонинд бичсэнээр ПСЖ багийн спорт хариуцсан захирал Л.Кампуш энэ их мөнгийг “Аваргуудын лиг”-т түрүүлэх боломжтой залуу баг бүрдүүлэхэд зориулахаар шийдсэн аж. Тэдний энэ зуны гол “бай” нь В.Осимхен, М.Рашфорд гэнэ. “Манчестер юнайтед” багтай англи тоглогчийн байгуулсан гэрээ 2028 онд дуусах юм. Тус багийн эздийн нэг, солилцоо наймаанд голлон анхаардаг Ж.Рэтклиффээс их олон зүйл хамаарна. Л.Кампуш 2022 онд М.Рашфордыг авчрахаар ярилцаж байсан ч К.Мбаппегийн хэт өндөр цалингийн улмаас түүнийг авч чадаагүй билээ.
Харин Францын “L’Equipe” сонины сэтгүүлч Л.Танзигийн өгүүлснээр ПСЖ олон шинэ тоглогч авахад бэлэн байгаа ажээ. Түүний онцолсноор Парисын баг нэг супер одоос гадна бүхий л шугамаа хүчирхэгжүүлэх зорилготой байна.
ПСЖ БАГИЙН СОНИРХОЖ БУЙ ТОГЛОГЧИД
•Довтолгооны шугамдаа тэдний авахыг хүсэж буй гол тоглогч нь В.Осимхен юм. Тэрбээр Л.Кампуштай эртний танил бөгөөд португал мэргэжилтэн В.Осимхенийг 2017 онд Нигериэс анх олж харж, авьяасыг нь нээж байсан түүхтэй. Улмаар Викторыг Герман, Бельгид тоглосны дараа буюу 2019 онд “Лилль” багт Л.Кампуш урвуулан авчирч байв. Л.Кампуш хуучны андтайгаа нэгдэхийг хүсэж байгаа бөгөөд нигери тоглогч ч Францад эргэн ирэхээс татгалзахгүй бололтой.
• Францын багийн “мөрөөдөж” буй довтолгооны өөр нэг тоглогч бол Б.Силва юм. “Манчестер сити”-тэй байгуулсан түүний гэрээ 2026 оны зун дуусна. Гэвч гэрээг хугацаанаас ньөмнө цуцлах заалт энэ зунаас хүчин төгөлдөр болно. Хэрэв ийм нөхцөлөөр авахыг хүсвэл ПСЖ түүний төлөө 60 сая евро төлөх ёстой.
Түүнийг мөн л Л.Кампуш анх нээн гаргаж ирсэн бөгөөд залуу Б.Силваг “Бенфика” багаас “Монако”-д авчирч байв. Португал тоглогчийг Францын дээд лигт тоглоно гэхэд хэтэрхий жижиг биетэй хэмээн өөлж байсан ч түүнийг заавал авахыг Л.Кампуш шаардан авчирч байсан түүхтэй.
• Францад буцаан авчрахыг ПСЖ-ийн хүсэж буй өөр нэг португал тоглогч бол Р.Леау юм. Тэрбээр “Милан” багтай 2028 он хүртэл гэрээ байгуулсан ч хугацаанаас өмнө цуцлах заалт мөн бий. Сонирхолтой нь, түүнийг мөн л Л.Кампуш “Лилль” багт хөтлөн авчирч, гэрээ байгуулж байв.
• Гэхдээ Францын багийн хамгийн дуулиант наймаа нь М.Салах болж магадгүй. Гэрээ нь дуусаж буй топ тоглогчдыг тэд сонирхож байгаагийн нэг жишээ нь М.Салах юм. “Ливерпуль”-тэй түүний байгуулсан гэрээ 2025 оны зун дуусна. Гэхдээ түүнийг өнгөрсөн жил Саудын Арабын топ багууд их мөнгөөр “урхидах” гээд чадаагүйг сануулъя.
• Парисын баг дундын шугамаа хүчирхэгжүүлэх тоглогчоор Ж.Киммихийг сонгож магадгүй. Өнгөрсөн өвлөөс түүнийг сонирхож эхэлсэн ч тухайн үед “Байерн” татгалзсан хариу өгсөн. Гэвч Францын баг ирэх зун герман тоглогчийг авахаар дахин “дайралт хийнэ” гэсэн таамаг бий. Ж.Киммихийн гэрээ 2025 оны зун дуусах учир түүнийг өндөр үнээр зарах сонирхол “Байерн”-д төрөх магадлалтай. Мөн Л.Энрикегийн удирдлагад түүнийг маш сайн тоглох боломжтой гэж шинжээчид дүгнэж буй. Түүнчлэн хагас хамгаалалтад тоглуулахаар Ньюкасл”-ын Б.Гимараешийг сонирхож байгаа гэнэ.
ПСЖ-ийн шинээр эхэлж буй төслийн нэг чухал хэсэг нь ирээдүйтэй залуу тоглогчдыг (ялангуяа франц) багтаа авчрах ажээ. Энэ хүрээнд тэд “Лилль”-ийн 18 настай хамгаалагч Л.Йорог “онилсон” байна. Гэхдээ эл залуу тоглогчийг “Реал”, “Манчестер юнайтед” зэрэг топ баг сонирхож буйг мартаж болохгүй.
Дээр дурдсан тоглогчдоос гадна “Барселона”-гийн Гави ПСЖ-ийн анхаарлын төвд орж ирсэн байна. Түүнээс гадна “Лайпциг”-т зээлээр тоглуулж буй Х.Симонсыг эргэн дуудахаар төлөвлөжээ. Гэхдээ эдгээр тоглогч К.Мбаппе хэмээх супер одын орон зайг тийм ч амар нөхөхгүй нь тодорхой билээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар