Монголын хөл бөмбөгийн холбооноос Азийн хөл бөмбөгийн холбоотой хамтран А зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалт хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Үүнд оролцогчдоос шалгалтад тэнцсэн есөн дасгалжуулагчид диплом, сертификат гардуулсан. Тэднээс Б.Алтанцэцэг Азийн хөл бөмбөгийн холбооны A зэрэглэлтэй анхны эмэгтэй дасгалжуулагч боллоо.
Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, 2023- 2024 оны улирлын хоёрдугаар хагасын премьер лигийн тойргийн тоглолтууд Төв аймаг дахь “Аирдом” бэлтгэлийн талбайд ирэх сарын 1-нд эхэлнэ. Сар үргэлжлэх тус лигийг шинэчилсэн системээр зохион байгуулах болсныг Монголын премьер лигийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр өчигдөр танилцууллаа. Улирлын эхний хагаст өрсөлдсөн багууд есөн тоглолт хийснээс “Булган ФС фалконс”-ынхон 25 оноогоор хүснэгтийг тэргүүлж, “Дэрэн” клубийнхэн 21 оноогоор удаалж буй. Тэгвэл шилдэг тоглогчдоос “Хангарьд F.C”-гийн довтлогч З.Тэмүүлэн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа. Дээрх тоглолтын өмнө “Шонхрууд” багийнхны ахлах дасгалжуулагчаар Бразилын хөл бөмбөгийн мэргэжилтэн Артур Феррейра ажиллах юм.