Чехийн Нове-Местод 2024 оны биатлоны ДАШТ өндөрлөлөө. Тус тэмцээний онцлох үйл явдал, амжилт, онцлох тамирчдын талаар өгүүлье.
•Эрэгтэйчүүдийн төрөлд Норвегийн биатлончид ихэнх медалийг хуу хамна гэсэн таамаг тэмцээний өмнө гарсан. Учир нь сүүлийн хоёр ДАШТ-д тэд өрсөлдөгч нартаа ямар ч боломж өгөөгүй билээ. Гэхдээ энэ удаагийн ДАШТ норвег залууст тийм ч ээлтэй байсангүй. Буухиа уралдаанд л гэхэд Й.Бё багтаа сайн тус хүргээгүй учир алтан медалиа Францын багт алдав. Тэд “Эстерсунд-2019” тэмцээнээс хойш анх удаа холимог буухиад ялагдсан нь энэ. Ийнхүү Й.Бёгийн хамтаар сүүлийн дөрвөн ДАШТ-ээс эл төрөлд тэргүүлсэн тэд энэ удаа мөнгөн медаль авлаа.
•Гэхдээ тэд бусад төрөлд илт давамгайлсан. Ганцаарчилсан төрөлд Б.Долль (Герман, хүрэл), бөөн гараанд К.Фийон-Майе (Франц, хүрэл), А.Расторгуев (Латви, мөнгө) нар л норвегчуудтай өрсөлдөн медаль зүүв.
•Й.Бё энэ удаагийн ДАШТ-ээс ганцаарчилсан төрөлд гурван алтан медаль хүртэж, нийт ялалтын тоогоор (81) алдарт М.Фуркад (83), Уле Эйнар Бьорндаленд(95) ойртлоо. Мөн тэрбээр дэлхийн 20 удаагийн аварга болж Бьорндалентай тэнцэв. Өөрийнх нь амжилтыг Й.Бё эвдэнэ гэдэгт Уле Эйнар Бьорндален итгэлтэй байгаа боловч норвегчуудын хэт давамгайлал биатлоны спортод ашиггүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
•Норвегийн багийн гол өрсөлдөгч францчууд өмнөх ДАШТ-тэй харьцуулахад харьцангуй өндөр амжилттай оролцсон. Францын шигшээ болон энэ жилийн ДАШТ-ий гол нээлт нь 22 настай Э.Перро байлаа. Тэрбээр холимог буухиад багийнхаа хамтаар алтан медаль авсан юм. Үүнээс гадна буухиа уралдаанаас хүрэл медаль хүртэж, ганцаарчилсан төрөлд Францын багийн ганц медалийг “зулгаав”. Мөн спринт төрөлд дөрөвдүгээр байрт орж, медалиас атгаад алдсан билээ.
•ДАШТ-д 11 дэх удаагаа оролцож буй А.Расторгуев (35 нас) олон удаа медальд ойрхон ирж байсан. Тэгвэл энэ удаад анхны медалиа хүртлээ.
•Нове-Местод онцгойрч, хэрэв үнэ цэнтэй тамирчны шагнал гэж өгдөг байсан бол тэрхүү алдрыг хүртэх эрхтэй биатлонч нь Францын Ж.Симон байлаа. Тэрбээр Чехээс дөрвөн алтан медальтай (буухиад хоёр алт+спринт+цуваа гараа) буцав. Эмэгтэйчүүдээс төдийгүй эрэгтэй биатлончид дунд түүнээс олон алтан медаль хүртсэн өөр тамирчин алга. Угаас Францын эмэгтэйчүүд илт давамгай амжилт үзүүлсэн юм.
• Хүчирхэг франц бүсгүйчүүдтэй нэр төртэй өрсөлдсөн гол хүн нь Италийн Л.Виттоцци байв. Өдгөө 29 настай тэрбээр ДАШТ-ээс ганцаарчилсан төрөлд анхны алтан медалиа хүртсэн. Үүнээс гадна гурван мөнгөн медалийн эзэн боллоо. Харин “Дэлхийн цом”-ыг тэргүүлэгч И.Тандревольд ердөө мөнгө, хүрэл медальтай нутаг буцлаа. Магадгүй Норвегийн багийн лидерийн үүргийг ганцаараа гүйцэтгэж буй дарамт түүнд амаргүй байсан бололтой. Өөр нэг сенсац бол Эстонийн бүсгүйчүүд. Тэд буухиа уралдаанд дөрөвдүгээр байрт орсон нь түүхэн дэх хамгийн өндөр амжилт нь юм.
•Нийт 13, үүнээс зургаан алтан медаль хүртсэн Францын шигшээ багийн дүнгээр тэргүүллээ. Харин сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалж багийн дүнгээр хошуучилсан Норвегийн баг нийт 12 медаль (дөрвөн алт) хүртэж, дэд байрт орсон юм.
•Сүүлийн жилүүдэд биатлоны спортод цөөн хэдэн улсын давамгайлал илт ажиглагдаж байгааг доорх статистик үзүүлэлт харуулна.
Бэлтгэсэн Н.Энх