Одоогоос гурван сар орчмын өмнө буюу Х.Нямбаатар хотын даргын үүрэгт ажлыг хүлээж аваад удаагүй байхад түүний багийнхан нийслэлчүүдийн толгойн өвчин болсон агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ төлөвлөгөөнийх нь “гол цөмд” орон сууцжуулах хөтөлбөр, зуух, цахилгаан халаагуур тараах ажил багтсан. Тэд утааг бууруулах чиглэлээр богино хугацаанд хэрэгжүүлэх хамгийн оновчтой шийдэл нь зуух, халаагуур олгох гэж тухайн үед ярьж байлаа. Хотын дарга ч “Гэр хорооллын айлуудад олгох зуухны стандартыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн зэрэг байгууллагаас бичгээр авахаар хүсэлтээ илгээсэн. Үүнд тулгуурлаад тендерээ зарлана. 20 мянган цахилгаан халаагуур худалдаж авах тендерийг өнөө, маргаашгүй зарлах гэж байна” хэмээн мэдэгдсэн удаатай. Гэтэл өдгөө энэ ажлууд аль аль нь замхрав. “Шидэт” зуух олгох санаачилга эхнээсээ л иргэдийн бухимдал, дургүйцлийг өрдсөн учраас нийслэлийнхэн судлах, стандарт батлах зэргээр шалтаглаад хойшлуулчихсан. Харин цахилгаан халаагуур худалдан авах төсөв хөрөнгийг шийдээд, тендерийг нь нээлттэй зарласныхаа дараа цуцалчихав.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгээс энэ ажил ямар шатандаа явааг өнгөрсөн даваа гарагт тодруулахад дээрх тайлбарыг өгсөн юм. Түүний ярьж буйгаар бол эхлээд гэр хорооллын дэд бүтэц буюу цахилгааны шугам сүлжээг хүчитгэх ажлыг хийх шаардлагатай гэнэ. Орчны бохирдлыг бууруулах хороо 2017 оноос хойш энэ чиглэлээр тодорхой ажлууд хийсэн ч дуусгаж амжаагүй (уг хороог өнгөрсөн онд татан буулгасан) гэдгийг хэлэв. Түүнчлэн дулааны алдагдлыг бууруулах хэрэгтэйг дурдлаа. Эдгээр шалтгааны улмаас цахилгаан халаагуур тараах ажлыг хойшлуулж, тендерээ цуцалсан юм байх.
2023.11.20
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт хугацаанд баримтлах гол бодлого нь гэр хорооллыг орон сууцжуулах. Харин богино хугацаанд зуух, цахилгаан халаагуур тараана. Байгаа нөөцдөө тулгуурлаад эхний ээлжид 20 мянган айлыг цахилгаан халаагуураар хангаж, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 70-80 мянган өрхөд давхар шаталттай зуух нэн яаралтай олгоно. (УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр ийнхүү мэдээлсэн)
2024.02.19
-Халаагуур тараах ажлыг энэ жилдээ больсон. Цахилгааны шугам сүлжээг
хүчитгэх ажлыг хийх шаардлагатай учраас цуцалж байгаа.(Уг ажлын талаар асуусан сэтгүүлчийн асуултад ингэж хариулав)
Гэр хорооллынхонд зуух тарааж, Улаанбаатарын утааг бууруулах боломжгүйг нийслэлчүүд ойлгодог болсон. Өнгөрсөн хугацаанд хийсэн туршилтуудын үр дүн ч үүнийг баталж буй. Эрчим хүчинд хэмнэлттэй төхөөрөмж нэвтрүүлж, нарны цахилгаан үүсгүүрээр халаалтаа шийдэж, яндангаасаа салсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын туршлага манай улсад бий. Гэхдээ импортын эрчим хүчний хэт хараат байдлаасаа болж хэрэглээ, ачааллаа зохицуулж хүчрэхгүй тэвдэж буй, цахилгааны аюулгүй байдал, шугам сүлжээний хүртээмжээ бэхжүүлж чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд олон мянган айлд халаагуур тараана гэдэг нь элс рүү ус асгасантай ижил үр дүнгүй, нэмэргүй ажил. Тиймээс нийслэлчүүд Х.Нямбаатарын багийнхныг анх энэ талаар танилцуулахад нь л эсэргүүцсэн. Харин түүний хүмүүс том дуугарсныхаа дараа л бодит нөхцөл байдлаа олж харж, хүлээн зөвшөөрөв бололтой. Бушуу туулай борвиндоо баастайн үлгэрийг бодитоор харуулав.
Энэхүү эргэж буцсан шийдвэрээс улс, нийслэлийг удирдаж буй хүмүүсийн нийтлэг алдаа дутагдлыг харж болно. Тэд аливаа шийдвэрийг гаргахдаа ул суурьтай судалгаанд үндэслэдэггүй, хэрэгжүүлэх боломж нөхцөл, үр дагаврыг нь боддоггүй. Тиймээс санаачилж, сэдсэн ажлууд нь хол явдаггүй. Гараанаасаа хөдлөхдөө л бөөн асуудал бэрхшээлтэй нүүр тулдаг. Тэгээд арга буюу үнэнд гүйцэгдээд ирэхээрээ баахан шалтаг тоочоод өнөөхийгөө цуцалж, зогсоодог юм. Хотын удирдлагад гараад хагас жил ч болоогүй шинэ багийнхан энэ алдааг давтлаа.
Бодлого, шийдвэр гаргадаг хүмүүс олон нийтийн эрх ашиг, амь нас, эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудалд юу юунаас ч илүү хариуцлагатай, хянуур хандах ёстой. Тэр дундаа иргэдийн өвчлөл, нас баралтын шалтгаан болох хэмжээнд хүртлээ ужгирчихсан, өнгөрсөн хугацаанд үр ашиггүй зарцуулсан мөнгө нь тэрбум тэрбумаар хэмжигдэж буй утааны асуудалд илүү нухацтай хандах учиртай. Даанч тэд өмнөх янзаараа л хөнгөн хуумгай, “хоноцын сэтгэл”-ээр хандсаар байна. Төрийн ордонд, түмэн олонд сүртэй гэгч нь мэдээлж, шийдвэр гаргахаасаа өмнө эрсдэлүүдээ тооцоолох боломжтой байсан ч тэгсэнгүй. Төсөв хөрөнгийг нь шийдүүлж, тендер зарлахаасаа өмнө судалж, нягтлах чөлөө байсан ч цаг гаргасангүй. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонссонгүй. Наанадаж нийслэлийн удирдлагад байдаг Бодлогын судалгаа, шинжилгээний төвийнхөө хэргийг гаргасангүй. Магадгүй тус төвийнхөн судалж шинжлээд ч олигтой зөвлөмж, чиглэл өгч чадаагүй байж болох талтай.
Хотын удирдлагууд эхний ээлжид Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 20 мянган өрхөд цахилгаан халаагуур олгохоор төлөвлөж байлаа. Үүнд 37 тэрбум төгрөг төсөвлөсөн. Зөвлөх үйлчилгээ, зуух, халаагуур тараах төдийхөнд олон тэрбум төгрөг хуваарилуулах гэлээ хэмээх олон нийт, сөрөг хүчний эсэргүүцэл хүчээ авахад нийслэлийнхэн “чичирсээр” байгаад санхүүжилтийг нь шийдүүлсэн юм. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 20 мянган цахилгаан халаагуурыг 28 тэрбум төгрөгөөр нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тодруулбал, нэг төхөөрөмжийг 1.4 сая төгрөгөөр худалдан авахаар тооцсон юм. Тэгэхэд олон нийт “Гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах ажлуудыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгоход хөрөнгө оруулах нь илүү үр дүнтэй. Ийм тооны цахилгаан халаагуурыг ажиллуулахад нэмэлтээр 40 МВт эрчим хүч хэрэгтэй болно. Энэ жилийн оргил ачааллын үе өнгөрсөн учраас одоохондоо эрсдэл багатай ч ирэх онд нам зогсох аюултай” хэмээн анхааруулж, эсэргүүцсэн. Харин одоо нийслэлийнхэн тэдэнтэй нэг талд гарчихсан, ийм зүйл яриад сууж байна.
Өнөөгийн энэ нөхцөл байдлаас харахад нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон түүний багийнхан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гавьтай ажил хийлгүй байсаар “явах” шинжтэй. Энэ өвөл лав юу ч хийсэнгүй. Гэтэл агаарын бохирдлыг бууруулах бүх ажил, эрх мэдлийг нийслэлд төвлөрүүлчхээд буй. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог гэхэд өнгөрсөн оны сүүлчээр татан буулгаж, төсөв хөрөнгийг нь нийслэл рүү шилжүүлсэн. Санаачлан батлуулсан, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийнхаа хүрээнд ч тэд энэ чиглэлээр тодорхой ажлууд хийх үүрэг хүлээсэн, төлөвлөсөн. Улаанбаатарчуудыг түлшээр хангаж буй компанийн зарим үйлдвэрийг татан буулгаж, хотын мэдэлд шилжүүлэх асуудал ч яригдаж байгаа. Гэтэл энэ их “итгэлийг хүлээсэн” хүмүүс нь эхнээсээ ийнхүү бодлогогүй шийдвэртээ ороогдон, байр сууриасаа буцахад хүрэв. “Одоогоор хамгийн оновчтой шийдэл нь энэ” хэмээн тулгачхаад, хожим “Ер нь үүнийг хэрэгжүүлэх болоогүй юм байна” хэмээх нь даажигнал гэлтэй. Харамсалтай нь, энэ зуур хотын утаа улам өтгөрсөөр, нийслэлчүүд эрүүл мэндээрээ хохирсоор.
Өчигдрийн 15.30 цагт Монгол газар, Баянхошуу, Хайлааст орчимд агаарын чанарын индекс 224-300 байв. Энэ нь олон улсын агаарын чанарын индескийн түвшнээр ноцтойд тооцогдох, гадаа удаан явахад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц үзүүлэлт юм. Галлагаа идэвхтэй хийдэггүй, утаа хамгийн бага байдаг гэж үздэг үед л агаарын чанар ийм байна гэхээр нийслэлчүүд хэр хэмжээний бохирдолтой орчинд амьдардаг болох нь баримжаалагдана. Гунигтай нь, бид чадваргүй, бодлогогүй дарга нарын “ачаар” өвлөөс өвөлд илүү хортой утаагаар амьсгалсаар байна. Ирэх өвөл ч тийм байх биз ээ.