“Парис-2024” зуны олимп, паралимпийн наадамд эх орноо төлөөлж оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай дөрвөн баг хамтран ажиллаж байна. Тухайлбал, спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих, спортын сэтгэл зүйч, спортын анагаах ухаан, спортын хоол зүйн багийнхан ажиллаж буй юм. Тэд олимпод оролцох эрх авсан болон эрх олгох тэмцээнд өрсөлдөх тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургаж, дасгалжуулах боломж бүрдүүлэн, эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй хүргэх, сэтгэл зүйн бэлтгэлийг нь хангах, хоол, шим тэжээлийг нь тохируулах чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн, амжилтыг нь ахиулах зорилготой. Дэмжих багийнхан нь нөхцөл байдлыг тодорхойлох асуумж, судалгаа, үзлэг, оношилгоо, үнэлгээг тогтмол хийн санал, зөвлөмж, дүгнэлт гаргах аж. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор шаардлагатай мэдээллийг цуглуулан, дасгалжуулагчдын мэдлэгийг дээшлүүлж буй. Дээрх дөрвөн багт 24 хүн ажиллаж, тамирчдад шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн тусламж үзүүлжээ.