Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 30 мянга гаруй оролцогч гүйж байв.
Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон үйл ажиллагааны нэг болоод буй. Энэ жилийн марафонд гадаадаас оролцох мэргэжлийн тамирчдын тоо нэмэгдэх магадлалтайг зохион байгуулагчид онцоллоо.