Гэгээн хайрын буюу олны нэрлэж заншсанаар Валентины өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гэрлэлттэй холбоотой тоон мэдээллийг танилцуулсан юм. Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэснээр Гэгээн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 9866 хүн манай улсад бий аж. Түүнчлэн Валентин нэртэй гурван хүн байгаа гэнэ. Мөн ижил нэртэй 348 хос байна. Үүнээс гадна ижил сар, өдөр төрсөн 2121 хос бий. Манай улсад 25-34 насны эрэгтэйчүүдийн 52.7, эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь огт гэрлээгүй. Харин 55-аас дээш насныхны олонх буюу эрэгтэйчүүдийн 95, эмэгтэйчүүдийн 93.9 хувь нь гэрлэжээ. Хүн амын хэдэн хувь нь гэрлэснийг насны бүлэг болон хүйсээр ангилсан статистикийг хүргэж байна.