Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдоод эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн байгаа газрыг тогтоон эх оронд нь шилжүүлэн авчирч буй билээ. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд Туркээс шилжүүлэн авч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Дээрх ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтын 74 дүгээрт дурдагдсан Г.Эрдэнэсувд 2017 онд бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэрэгт холбогдон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт шалгуулж эхэлсэн аж. Гэвч тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанаас оргож, 2019 оны дөрөвдүгээр сард хилээр гарч явжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас Интерполд хандан олон улсад эрэн сурвалжилж эхэлснээр Туркт байгааг тогтоосон гэнэ. Улмаар тус улсын хууль сахиулах байгууллагынхан Г.Эрдэнэсувдыг эх орноосоо албадан гаргаж буйгаа манай талд мэдэгдсэнээр өнгөрсөн мягмар гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд цагдаагийнхан хүлээн авсан байна.