Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг даван туулагчдын захидал, шүлэг зэргийг “Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөнийхөн хүлээн авч байна. “Хөөрхөн зүрх” ТББ, “Монфемнет” үндэсний сүлжээ зэрэг байгууллагынхан дээрх хөдөлгөөнд нэгджээ. Эл хөдөлгөөнийг манай улсад найм дахь жилдээ өрнүүлэх гэж буй нь энэ юм. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалдаг энэхүү арга хэмжээг дэлхий нийтэд зохион байгуулдгаараа онцлогтой. Хүчирхийллийг давантуулсан хүмүүсийн түүхээр дамжуулан бусдад урам зориг, итгэл найдвар өгөх, цаашлаад таслан зогсоохыг уриалах нь дээрх арга хэмжээний зорилго юм.
“Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөний хүрээнд хүлээн авсан захидал, шүлэг, түүх зэргийг тухайн хүний хувийн мэдээллийг нууцлан, олон нийтэд хүргэх аж. Даван туулагчид туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү мөчөө шүлэг, захидал зэргээр илэрхийлэн, obrmongolia@gmail.com цахим хаяг руу илгээх боломжтой.