Энэ сарын 11-ний шөнөөс эхлэн зарим аймгийн нутагт цас орж, авто замуудад нь хунгар, халтиргаа үүсээд буй гэнэ. Тухайлбал, Завхан, Баян-Өлгий, Ховд, Төв, Өвөрхангай аймгийн нутгаар энэ сарын 11-12-нд цас орж, шуурчээ. Мөн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэргийн цас орсон байна. Үүний улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 210-260 дахь км-т нь халтиргаа гулгаа үүсжээ. Түүнчлэн Завхан аймгийн нутаг дахь Солонготын давааны замын нэг урсгалд нь цас хунгарласан тул түр хаасан гэнэ. Бас Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замд халтиргаа үүссэн тул засвар, арчлалтыг нь хариуцдаг “Борхойн зам” компанийнхан давс цацаж, гулгааг арилгах арга хэмжээ авч буй аж.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өчигдөр зүүн аймгуудын нутагт цас орж, шуурч байжээ. Цаг агаарын тогтворгүй байдал цаашид ч үргэлжлэх бөгөөд маргааш оройноос эхлэн долоо хоногийн хугацаанд нийт нутгаар хүйтний эрч чангарч, цас орох гэнэ. Мөн салхи шуурга ихтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулав. Тиймээс дээрх хугацаанд аль болох орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд бэлтгэлээ сайн хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг онцгой байдлын байгууллагынхан зөвлөлөө.
Ташрамд дурдахад, манай орны нийт нутгийн 80 гаруй хувь нь өдгөө цасан бүрхүүлтэй аж. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан эрсдэлийн үнэлгээгээр таван аймгийн 21 сум төмөр буюу шилэн зудтай байна. Мөн 17 аймгийн 89 сум цагаан зудтай гэнэ.
Бэлтгэсэн М.Оч