Манай улс агаараас эрэн хайх, аврах тусгай нэгжтэй болоод хоёр жил гаруйн нүүр үзэж байна. Монгол, Франц улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол Улсын онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-ын харьяанд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Буянт-Ухаа нисэх буудалд байгуулж, жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулсны дараа өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор нээсэн юм.
Төслийн хүрээнд Францын тал манай улсын онцгой байдлын байгууллагад 2021 оноос хойш “Airbus EC-145” маркийн тусгай зориулалтын гурав, сургалтын нэг нисдэг тэргийг нийлүүлэн, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагчдыг бэлтгээд буй. Агаараас эрэн хайх, аврах тусгай нэгж, зориулалтын нисдэг тэрэггүй, гамшиг, ослын үед цэргийн байгууллагын онгоцыг “царайчлан”, тусламж, үйлчилгээ үзүүлсээр ирсэн тарчиг хангамжтай манай орны онцгой байдлын байгууллагынхны хувьд энэ нь цагаа олсон томоохон дэмжлэг болсон. 111 дүгээр анги эдгээр нисдэг тэргийг ашиглан сургалт, бэлтгэлийн бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх онцгой болон тусгай үүргийн нислэгүүдийг шуурхай зохион байгуулах боломж бүрдсэн юм. Харамсалтай нь, онцгой байдлын байгууллага үүний дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал гаргаж, иргэдэд ялгавартай ханддаг байж болзошгүй байдал сүүлийн үед илт анзаарагдах боллоо.
Өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумд зам, тээврийн осолд орж, хүнд гэмтсэн нэгэн залууг нисдэг тэргээр Улаанбаатар хотод хүргүүлэхээр гэр бүлийнхэн нь ОБЕГ-т хандахад “Боломжгүй” гэсэн хариу өгчээ. Тиймээс гэр бүлийнхэн нь онгоц түрээслэхэд шаардлагатай 44 сая төгрөгийг бүрдүүлэх хандивын аяныг өрнүүлж, иргэд, олон нийтээс тусламж хүссэн юм. Нийгмийн сүлжээнд нөлөө бүхий, олон дагагчтай хүмүүс эл аяны талаарх мэдээллийг идэвхийлэн түгээж, асуудал болгомогц ОБЕГ-ынхан сая нэг хөдөлж эхэлсэн. Уг мэдээллийг цахим орчинд түгээснээс нэг хоногийн дараа Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан осолд орсон иргэнийг 111 дүгээр ангийн нисдэг тэргээр нийслэлд авчрахаар болсныг зарласан. Тэрбээр “Биеийн байдал нь хүнд байгаа жолоочийн ар гэртэй холбогдож, маргааш 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр болсныг дуулгалаа. Хоёр талын нислэг долоон цаг гаруйн хугацаанд үргэлжлэх тул өнөөдөр үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзэж байгаа юм. Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно” хэмээн мэдэгдсэн билээ. Ингээд хэлсэн ёсоор нэгдүгээр сарын 16-ны өдөр уг иргэнийг агаараар тээвэрлэн Улаанбаатарт авчирсан.
Дараа нь түүний эхнэр “Онгоцны зардлыг бүрэн хөнгөлсөн. Гэхдээ шатахууны зардал болох 10 сая төгрөгийг энэ сарын 19-ний дотор төлөх ёстой. Одоогоор иргэдээс хоёр сая гаруй төгрөг цуглаад байна. Ажил хийдэг ганц хүн маань үхэл сэхлийн заагт байгаа учир энэ төлбөрийг төлөх боломж бидэнд хомс” хэмээн ярьсан юм. Анх хүсэлт тавихад нэхэмжилсэн 44 сая төгрөг нь онгоцны түрээс болон шатахууны зардлыг нэгтгэн тооцсон дүн байж. Тус гэр бүл тулгамдсан асуудлаа олон нийтийн анхаарлын төвд оруулж чадсанаараа онгоцны зардал болох 25 сая төгрөгийг хөнгөлүүлж, 19 саяын төлбөрт унан байж, хүсэлт тавьснаасаа хоёр хоногийн дараа хүнд өвчтөнийг хотод авчирчээ.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн цахим хуудсанд бичсэнчлэн бэртэж гэмтсэн болон эрүүл мэндийн хүнд зовуурьтай, газраар тээвэрлэх боломжгүй, амиа алдах өндөр эрсдэлтэй иргэдийг нисдэг тэргээр тээвэрлэж, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэн, дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад хүргэдэг гэнэ. Ханбогд сумд осолдсон иргэн энэ “шалгуур”-ыг хангасан байтал онцгой байдлын байгууллагынхан яагаад “Боломжгүй” гэсэн хариу өгч, хоног, хугацаа алдав. Онгоцны зардлыг нь хөнгөлөх боломжтой байсан юм бол ямар учраас анх “44 сая” гэдэг том тоо хэлж, боломжгүй, санхүүгийн чадамжгүй хүмүүсийг “сүрдүүлэв”. Хүсэлт тавьсан өдөр, эсвэл түүний маргааш нислэг үйлдэх боломжтой атал яагаад хоёр хоногийн дараа хөдөлгөсөн бэ. Эргэлзээтэй, тодорхойгүй асуулт өчнөөн.
Уншигчид санаж буй бол 2021 оны долоодугаар сард мөн ийм явдал давтагдаж байв. Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол хэмээх газар луу самар түүхээр яваад сураггүй болсон гурван эмэгтэй, нэг эрэгтэйг хайлгах хүсэлтийг ар гэрийнхэн нь тухайн үед цагдаа, онцгой байдлын байгууллагад тавихад эрлийн нисдэг тэргийг өндөр үнээр түрээслэх боломжтой гэсэн хариу өгсөн гэдэг. Гэр бүл, ойр дотнынх нь хүмүүс аргаа барахдаа хэвлэлд хандаж, хандивын аян өрнүүлсний дараа л онцгой байдал, зэвсэгт хүчний хамтарсан баг орон нутаг руу нисдэг тэрэгтэй хөдөлсөн. Тэр үеэс ялгаатай нь манай улс өдгөө агаараас эрэн хайх, аврах нэгжтэй, тусгай зориулалтын хөлөгтэй болсон. Гэвч үйлчилгээ нь урьдын адил хүртээмжгүй, хүнд сурталтай хэвээр буйг иргэд хэлж байна. Ноцтой бэртэл гэмтэл, хүнд өвчтэй ч холбогдох байгууллагынхнаас “Боломжгүй” гэсэн хариу, “том” мөнгөн дүн сонсож, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авч чадалгүй хохирсон хүн цөөнгүй юм билээ.
Малын хашаанаас унаж, хүзүү, нуруугаа хүнд гэмтээсэн, Хөвсгөл аймгийн нэгэн иргэн нисдэг тэрэг захиалах мөнгөгүйн улмаас оношоо тогтоолгож чадахгүй орон нутгийнхаа нэгдсэн эмнэлэгт “гацаад” буйг нэгэн бүсгүй саяхан нийгмийн сүлжээнд бичсэн байв. Тэрбээр “Ахыгаа хот руу зөөх гэхээр жирийн онгоцонд хүн хэвтээгээр тээвэрлэхгүй гэнэ. ГССҮТ рүү зөөх нисдэг тэрэг захиалах гэхээр мань мэт нь дийлэхгүй. Зөвхөн шатахууны зардал нь 10 сая төгрөг” гэсэн юм. Баянхонгор аймагт осолдож, хүнд гэмтсэн иргэнийг хотод авчрахын тулд төрөл садных нь хүмүүс онцгой байдлын байгууллагад хүсэлт тавихад бас л “том тоо” хэлээд, хөдлөөгүй гэнэ лээ. Ингээд тэд их, бага гэлтгүй элбэж цуглуулсаар 20 орчим сая төгрөг бүрдүүлж, нисдэг тэргээр тухайн иргэнийг ГССҮТ-д авчирсан ч гэмтлээ даалгүй нас барсан аж. Энэ бүгдээс харахад, Шадар сайд С.Амарсайханы “Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно” хэмээх үг хий хоосон цэцэрхэл, амлалт төдий зүйл бололтой.
Онцгой байдлын нисдэг тэрэг хэнд үйлчилдэг, зардал нь хэр байдаг, төр иргэнийхээ амь, эрүүл мэндийг хамгаалахын төлөө яаж ажилладаг талаар нарийн мэдээлэл авахаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги болон ОБЕГ-ын холбогдох албаныханд хандсан ч энэ талаар тодорхой зүйл хэлж өгсөнгүй. Бүгд л “Шадар сайдын баталсан тушаалыг мөрддөг” гэв.
Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга 2022 оны 38 дугаар тушаалаараа жишиг үнэлгээ тогтоох аргачлалыг баталсан аж. Онцгой байдлын байгууллагын хэвлэлийн ажилтны тайлбарлаж буйгаар бол нислэг үйлдэх газрын зайнаас хамаараад зардал, хөнгөлөлт зэрэг нь харилцан адилгүй гэнэ. Гамшиг, аюулт үзэгдэлтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудын ажил, үүргийг гүйцэтгэх зорилготой тусгай үүргийн нислэгийн зардлыг захиалагч тал хариуцна хэмээн холбогдох хууль, журамд заасан байдаг хэмээлээ. Үндсэндээ нислэг үйлдэх зайнаас хамаараад улсаас зардлын тодорхой хувийг нь хөнгөлж, даадаг юм байна.
Улсын онцгой комисст хүсэлт тавьсан, ийм үйлчилгээ авсан иргэдийн мэдээлснээс харахад нисдэг тэрэг захиалахад багадаа 10-20 сая төгрөг шаардлагатай гэнэ. Улаанбаатар хотоос 650 км- ийн зайтай газраас хүн тээвэрлэхэд шатахууны зардал нь 10, хөнгөлөлтгүй төлбөр нь 44 сая болж байна гэхээр энэ төрлийн үйлчилгээ хэнд илүү ойр, хүртээмжтэй гэдэг нь ойлгогдоно. Манай улсын дундаж цалин хэд билээ. Ийм хэмжээний мөнгийг бэлэн гаргаад өгөх хүн хэр олон бэ. Тал тохой татах хүнгүй, бүл чадалгүй, хандив, тусламж гуйх боломжгүй нэгэн хүндээр өвдөж, ноцтой бэртвэл яах вэ. Эндээс харахад “онцгой”- гийн нисдэг тэрэг бэл бэнчинтэй, боломжтой хүмүүст л тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалттай юм шиг ээ. Тийм атал сайд, дарга нар нь тусгай үүргийн нислэгээр иргэдийг үнэгүй тээвэрлэж авчирсан мэтээр, хувиасаа зардал мөнгийг нь гаргаж байгаа аятай мэдээлэл түгээж, сурталчилгаа хийхийг яана.
Манай улсад одоогоор бага оврын 40 орчим агаарын хөлөг бүртгэлтэй байгаа аж. Нисдэг тэрэгний үйлчилгээ сүүлийн жилүүдэд хөгжиж, өргөжиж буйн хэрээр эдгээрийг захиалж, ийш тийш зугаалдаг хүн олширсон. Ямар сайндаа л хотын зүүн хэсэгт амьдардаг хүмүүс Гачуурт, “Монгол шилтгээн” орчимд нисдэг тэрэгний чимээ байнга сонсогддог болсныг төвөгшөөн, шүүмжилж буй. Гэтэл гамшиг, осолд өртсөн, эрүүл мэндийн хүнд оноштой иргэдэд “онцгой”- гийн нисдэг тэрэг олдох нь тэнгэрийн умдаг атгахтай адил ховор аз завшаан, хүнд сорилт гэлтэй л байна.
Бэлтгэсэн Н.Мишээл