Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд 2024 онд Цагааннуур, Хавирга, Булган боомтуудад бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
Түүнчлэн 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боомтуудад боомтын авто зам, төмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууц зэрэг бүтээн байгуулалт хийжээ. Тодруулбал БНХАУ-тай хиллэж байгаа байнгын ажиллагаатай 13 боомтоос 8 боомт, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос 4 боомтод боомтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.