Эмч нар ар араасаа дуу дуугаа авалцаж, утаа хүүхдэд сөргөөр нөлөөлж, хорт хавдартай болгож буйг батлан мэдээлсээр байна. Тэгвэл найруулагч Аmry (Ц.Амартүвшин) шинэ уран бүтээлээрээ дамжуулан утаа гэх үгийг оруулаагүй ч хор уршгийг нь зүрхэнд хүртэл ойлгуулав. “Бидний араншин” хэмээх ийм нэгэн бүтээл өнгөрсөн баасан гарагаас эхлэн кинотеатруудаар гарч эхлэв. Киноны нээлтэд хэдийн алдарт гарсан архаг хийгээд олон танигдаж яваа уран бүтээлчид иржээ. Өөрөөр хэлбэл, найруулагч эхлээд мэргэжлийн уран бүтээлчдэд киногоо үзүүлж, “шүүсийг нь шахуулах”-аар шийдсэн бололтой. Нөгөө талаар шинэ уран бүтээлийн баяраа урлагийн халуун ам бүлтэйгээ хуваалцахаар урьсан нь илт. Тухайлбал, “Маск”, “Id film”, “X tuts”, “Update film”, “Oi entertainment”, “has urlan” зэрэг кино студийнхэн, ер нь урлагийнхан бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн харагдана билээ. “Хэрмэл жүжигчид”, “Параллель ертөнц”, “100 жилийн эморол”, “In Da House” зэрэг жагсаалтаас та бүхэн найруулагч Amry фантастик, комеди төрлийг илүү сонирхож, бүтээлдээ тусгадгийг бэлхнээ харж буй. Харин энэ удаа найруулагч арга барилаа өөрчилж, өөрийгөө “шинээр нээжээ”. Тэрбээр энэ тухайгаа “Хүний сонирхол татах инээдэм, эмгэнэлт гэхээсээ илүү энгийн амьдрал, нөхөрлөл, үр хүүхэд, гэр бүлийн тухай хөрсөн дээр буусан кино хийе гэж бодсон. Энэ зохиолын санаагаа олоод өөртөө урамшиж, огшсон. Киногоо хийхийн төлөө дурлаж, илүү хичээж, шатаж уран бүтээлээ хийсэн. Дурласан гол шалтгаан нь бидний амьдралын хэмнэл мөнхийн тэмцэл дунд байдаг. Тааваараа жаргаж, амьдрах нөхцөл бололцоог улс оронд маань бүрдүүлэхгүй байна. Үндэслэл ч бараг байхгүй болчихлоо. Амьдралд гарч буй хүнд асуудлаа нөхөрлөлийн хүчээр даван туулж буй залуугийн талаар энэ кинонд өгүүлнэ” хэмээсэн.
Киног үзээд асар хүнд сэдвийг үзэгчдэд стресс дарамт үүсгэхгүйгээр хөнгөхөн хөндөж харуулжээ гэж бодогдсон. Тухайлбал, кино эхлэхэд 3,4 дүгээр хорооллын арын гэр хороолол утаан дундаас тодорч харагдсан. Үзэгчид хараад л “Пүү” хэмээн дуу алдана лээ. Бяцхан охин зүрх, уушгины хавсарсан эмгэгтэй болжээ. Магад үүнд улстөрчид биш утаа “буруутай” байх. Гэхдээ “дошны” найзууд болох Өсөхөө, Хуягаа, Нямаа, Хоролоо нар энэ талаар огтоос дурдсангүй. Гэснээс киноны гол чимэг болсон Өсөхөөгийн дүрийг Ч.Төгөлдөр бүтээжээ. Анхны гол дүрээ бүтээсэн Ч.Төгөлдөр “Өөртөө итгэлтэй байгаа ч дотроо айдастай байна. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн ч киноны ард олон жил гэрэлтүүлэгчээр ажилласан. Том дүрд тоглож байсангүй. Нэгдүгээрт, жүжигчний мэргэжлээр төгссөн хүн бүрт гол дүр заяадаггүй. Хоёрдугаарт, надад тийм боломж саяхныг хүртэл гарсангүй. Гэвч би урлагаасаа хөндийрөхгүй, арын албанд үнэнчээр зүтгэсээр ирсэн. Дүр бүтээхэд маш хэцүү байсан. Мэдрэмжээ дагахыг хичээж, дүр дээрээ ажилласан. Гэр бүл, найз нөхөд ямар чухал вэ гэдгийг илүү мэдэрлээ. Дүрийн судалгааны явцдаа эмч “Улаанбаатарт төрсөн 10 хүүхдийн 9 нь зүрхний цоорол хийгээд ямар нэг эмгэгтэй төрдөг” гэж хэлэхийг сонсоод маш их эмзэглэсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Кино зохиолыг зуны гурван сар бичиж, зураг авалтыг намраар эхэлж, өвлийн анхны цаснаар дуусгасан байна. Киноны бас нэгэн чимэг болох “Бидний араншин” дууг жүжигчид дуулахдаа “С.Цогтсайхан” сангийнхнаас албан ёсны зөвшөөрөл авсан гэсэн.
Кино эхлэхээс өмнө жүжигчин Д.Дэлгэрсайхан “Шижигнэсэн залуу Z үеийнхэнтэй уран бүтээлд тоглоход сайхан байлаа. Дүү нартайгаа хамт байхад их гоё эрч хүч авдаг. Тэдэндээ бас түшиг ч боллоо. 2023 онд дөрвөн кинонд гол дүр бүтээлээ. “Бидний араншин” оны отгон уран бүтээл. Туслах дүр бүтээсэн 6-7 кино бий. Өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог их байлаа” хэмээсэн. Үргэлжлүүлээд гол дүрүүдийн нэг С.Зоригт “Оюутан байхдаа дүр л бүтээж байвал сайн, муу нь хамаагүй гэж боддог байлаа. Киноны зурвас хэсэгт ч ороод гарах нь чухал байв. Амьдралд хөл тавиад жижиг, том нь хамаагүй нь дүрээ урлаж хамгийн сайнаараа бүтээх ёстойг ухаарсан. Энэ ухаарлаараа Хоролоогийн дүрд ажиллалаа. Хүмүүс хотын төвд байранд л сайхан амьдрал байдаг гэж боддог. Утаатай ч гэсэн гэр хороололд ч гоё амьдрал бий. Үүнийг л хөнгөнөөр бяцхан инээдэмтэйгээр үзэгчдэд харуулах болно” хэмээн дүрийнхээ онцлогийн талаар ярьсан. Харин жүжигчин А.Бямбабаяр амьдрал дээрх араншин нь бүтээсэн дүртэй нь хэр адилхан талаар “Би зохиолоо уншаад дүрээ судалж суухад Нямааг түргэн ууртай ч их цайлган хүн юм гэж ойлгосон. Амьдралд би түргэн уургүй ч найз нөхөрлөлийн хувьд арыг нь даах бат итгэлтэй хүн гэдэгтээ бол 100 хувь санал нийлнэ” хэмээн өөрийгөө товч тодорхой тодорхойлсон.
Киног үзсэний дараа уран бүтээлчид ямар үнэлгээ өгснийг хамтдаа сонирхъё.
Найруулагч, жүжигчин О.Бат-Өлзий: Товчхондоо маш сайн бүтээл болжээ
-Хэлэх санаа нь их зөв сайн бүтээл болжээ. Сошиалд үе үе гарч ирдэг утааны сэдвийг хөрсөн дээр буулгаад, энгийнээр хүмүүст ойлгуулчихаж чадаж байна шүү дээ. Орчин үеийн залуусын хандлага өөр болжээ. Баяр хүргэе.
Найруулагч, жүжигчин Ц.Хүсэлбаатар: “Москва нулимсанд дургүй”-г үзсэн мэт санагдлаа
-Найзуудын нөхөрлөлийн тухай гэрэл гэгээтэй их сайхан кино үзлээ. Шударгын хажуугаар саарыг нь эвтэйхэн дэвсжээ. Яг ажил хийе гэсэн хүмүүст ямар их саад бэрхшээл тулгардаг юм бэ. Киночид ч гэсэн тендерт орох гэж бөөн юм болдог. Жаргал зовлон их туулдаг. Амьдралд байдаг энгийн зүйлийг яг онож, ямар сайхан үзүүлэв ээ. Гол дүрүүдийн сонголт, зураг авалт, найруулга ямар гоё вэ. Надад нэг тийм “Москва нулимсанд дургүй”-г үзсэн мэт санагдлаа.
Найруулагч, жүжигчин Г.Золбоот: Зөв мессеж өгсөн чамбай уран бүтээл "төржээ"
-Залуус маань нэгэн сайхан уран бүтээлийн ард амжилттай гарчээ. Энд ирсэн олны хөл хөдөлгөөнийг хар л даа. Уухай, дуу алдалтыг нь сонсов уу. Энэ бол хамгийн том баяр. Нижигнэсэн алга ташилттай зерител байлаа шүү дээ. Зорилтоо зөв тодорхойлж, тууштай байвал амжилтад хүрнэ гэсэн зөв мессеж өгсөн маш гэгээлэг уран бүтээл байна. Зөв мессеж өгсөн чамбай уран бүтээл "төржээ".
Найруулагч, жүжигчин Б.Тамир: Би их нялуун, Amry бол тэс өөр
-Утаа гэж уйлагнасангүй, улс төр гэж уурласангүй, бүтээлээ яг сайхан гаргажээ. Энэ бол Amry. Тэр угаасаа л ийм. Санаагаа энгийн, тодорхой хэлнэ үү гэхээс уянгалж, нялуурдаг хүн характертай биш ээ. Кино нь яг л тийм болж. Би их нялуун, Amry бол тэс өөр. Амьдрал бол тийм, түүнийг даваад гарна гэсэн шулуун хүн. Үүнийгээ кинондоо шигтгэсэн байна. Үүгээрээ Amry-гийн уран бүтээл бусдаас ялгардаг. Манай Төөгөөг зөв газарт нь хурцалж, хатгаж өгсөн байна. Би хаана нь нугарах бол гэж харж суулаа. Төөгөө найзтайгаа галын илчинд ууж суухдаа тэсгэл алдсан. Төгсгөлд нь бусад нь баярлаж байхад ганцаараа буруу хараад сэм баярын нулимсаа арчсан. Тэр нь таалагдлаа. Эхнээсээ хүүхэд өвдлөө гэж уйлаад л, эхнэр нөхөр хоёр маргаж, муудаад л хар бараан үйл явдал өрнөвөл үзэгчдэд тээртэй. Төөгөөдөө бас давхар баяр хүргэе. Аав хүний хөдөлмөрийг, үүргийг маш сайн харууллаа.