Японы алдартай тамирчин супер од Мориоко Кауру Монголд ирж хүүхдүүдэд хөл бөмбөг заана. Сургалт нь хоёрдугаар сарын 1-5 ний хооронд Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд болно.
Тодруулбал, Японы “One ball connect NPO” той хамтран, нийт 60 хүүхэд хамруулан таван өдрийн бэлтгэл сургуулилт хийнэ. Эцэст нь шилдэг 2-3 хүүхдийг бүх санхүүжилтийг ивээн тэтгэгчид дааж Япон Улсад болох оролцуулна.
Төслийн дасгалжуулагч Мизухо Сасаки энэ талаар “ Монгол хүүхдүүдийг багаасаа сайн бэлтгэл хийвэл дэлхийд өрсөлдөх чадвартай гэж боддог. Мориоко Каурутай Японы мэргэжлийн хөл бөмбөгчид ч уулзахад хүндрэлтэй байдаг тийм л нэр хүндтэй хүн. Монгол хүүхдүүдийн өмнөөс баяртай байна” хэмээлээ.
Энэ сургалтад бүртгүүлэхийн тулд 8-14 насны хүүхдүүд “Career number app” ыг татаж, өөрийн танилцуулгыг илгээх шаардлагатай.
Дашрамд дурдахад, “Career number app” нь Монгол Улсад анх 2011 онд “ITALIA SOCCER CAMP” сургалтыг хийж, таван хүүхэд шалгаруулж Италийн хөлбөмбөгийн баярт оролцуулсан удаатай. Өдгөө тэдний нэг нь Ганболдын Ганбаяр Европын лигт амжилттай тоглож, эх орныхоо нэрийг өргөсөн тамирчин болсон.
2024 онд “ITALIAN SOCCER CAMP”-ыг дахин зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн наймдугаар сард “Career number app”-д материалаа ирүүлсэн 1400 гаруй хүүхдээс 120 хүүхдийг сонгож үүнээс Италийн багш дасгалжуулагч шалгаруулалт хийж, шилдэг гурван хүүхдийг сонгосон байна. Эдгээр хүүхдүүд ирэх дөрөвдүгээр сард Итали Улс руу явна.
Бэлтгэсэн: Н.Халиунаа