Чансаатай, шинэ уран бүтээлээ жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд нээж, олны хүртээл болгодог жишиг Холливудынх. Энэ жишгийг дагаж, өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн дэлгэцийн бүтээл бол “Улаан явар” уран сайхны кино байлаа. Танхим дүүрэн үзэгчээс анхны OK үнэлгээгээ авч, тэвэр тэвэр цэцэгст даруулж, урам магтаалын үгэнд бялуурсан кино багийнхан шинэ оноо ийн эрч хүчтэй эхлүүллээ. Товчхондоо, шинэ бүхний эхлэл, шинэ оны эхний өдөр, шинэ уран бүтээлээ амжилт дүүрэн угтан авлаа, кино багийнхан маань.
Холливуд стандарт
Кино урлагт шинэ стандарт тогтоох гэж “Unival entertainment” зураг авалт хийх явцдаа их хичээжээ. Киноны ажил эхлэхээс өмнө багийн хоёр гишүүн “Холливуд”-аас зохион байгуулдаг кино зохиолын сургалтад хамрагдсан бөгөөд сурсан мэдсэнээ “Улаан явар” кинонд нэгбүрчлэн тусгахыг зорьжээ.
Тухайлбал, киноны сүүлийн тулааны хэсэг 20 минут үргэлжилнэ. Толгой дээгүүр сум исгэрч, хутга шунгинасан, цээж бачууруулж, зүрх салгалуулсан тулаант хэсгийг тэд холливуд стандартаар хийсэн гэсэн үг. Сонирхуулахад “Зура” киног хийхэд 1000 сум зарцуулсан бол эл киног бүтээхэд 2000 сум шүршжээ. За тэгээд дуу шуум, эвлүүлэг, өнгө тавилт, зодооны техник, уналт, ялалтын агшин бүрт Холливуд өнгө аяс цухалзах нь.
Үйл явдал хэрхэн өрнөв...
Монголын тагнуулын тусгай албаны күүл мөрдөгч Билэгт аянгад цохиулж, тулалдах ур чадвараа алдана. Ур чадвартаа хэт бардаж, ганцаарчилсан төлөвлөөгөө гаргаж, хамтрагчаа хаалганы цаана үлдээсэн нь чадварлаг мөрдөгчийг алдахад хүргэнэ. Гэвч химийн технологич Заяа түүний амийг хэдэнтээ аврах бөгөөд тэд хамтдаа аюул дагуулсан тахлаас сая сая хүнийг аварч чаддаг. Тахлын эхний хохирогч гадаадаас эрдэм шинжилгээний хуралд ирсэн зочин доктор байв. Тахлыг зориудаар тараахаар зэхсэн бөгөөд тархалтыг зогсоох вакцин ч бэлэн. Их мөнгө их, ашиг сонирхол, өшөө хорслыг сөрж тэмцсэн нь энгийн боловч үнэнч хайр, үрээ гэх эхийн сэтгэл, цөхрөлтгүй итгэл, бэт бэх нөхөрлөл байв. Хамтрагчдаа “жийгдсэн” Галаа эцсийн мөчид гарч ирсэн нь үзэгч охидыг тэр чигт байлдан дагуулсан. Харин эсрэг дүрээрээ М.Мөнгөнсүх үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж чадлаа.
Эх нутаг, үзэсгэлэнт байгаль минь
Кино багийнхан зураг авалтаа хийхийн тулд 5000 км замыг туулжээ. Тэд зүг чиг тогтоогч луужин ашиглан байж, зорьсон газруудаа арай гэж олсноо нээлтийн үеэр онцолж байсан. Урьд өмнө нь кино дүрсэнд оруулж байгаагүй газрыг олохоор тэд алс холд аялж, үзэсгэлэнт догшин дагшин газруудыг “олж тогтоожээ”. Тэдгээрийн нэг нь Говь-Алтай аймгийн Бигэр сумд дахь “Улаан явар” гэх газар. Хүний хөл ховорхон хүрсэн, говь, хангай хосолсон тэрхүү үзэсгэлэнт газарт кино багийнхан хамгийн хүнд, хэцүү, зүрх зориг шаардсан зургуудаа авсан байна. Угаас байгалийн тогтоц нь сэтгэл татам мөртөө элэл халил бүхий эгц шунх, хавцалтай газар юм. Зуны алсран одсон өдрүүдэд байгаль ээж эх кино зураг авалтад ээлээ өгч, нэг жүжигчин хөлөө гурван удаа хөнгөн зэрэг гэмтээснийг эс тооцвол осол эндэгдэл холуур өнгөрчээ.
Орлон тоглогчид
Хаднаас хаданд дүүжлэгдэх, хооронд нь савлуураар дүүжигнэх нь хүсэх юм биш. Газар хатуу, тэнгэр хол агшин. Нурж унан, шаргалдах элсэн талаар мотоциклиор хөөцөлдөх, хутга эргүүлэх, өндрөөс үсрэх, гал, ус руу унах үсрэх хүнд үзүүлбэрүүдийг “Монгол стант” багийнхан гүйцэтгэжээ. Яагаав нөгөө хэдэн жилийн өмнө Марвелийн шинэ бүтээл “Шан-Чи ба арван цагирагны домог” кино дэлхий дахиныг шуугиулсныг санаж байна уу. Тус киноны гол дүр болох Шан-Чигийн аавын дүрд орлон тоглож, тулааны хэсгүүдэд дүрээ мөнхөлсөн Г.Цэрэгбаяр багаа удирдан, энэ киноны гал ус руу орж, гашуун бүхнийг сөрсөн хүнд хэсгүүдийг амжилттай бүтээжээ. Кино зохиолыг Б.Пүрэвдорж бичиж, мөн ерөнхий найруулагчаар ажилласан байна. Түүнд бяцхан хүү П.Шижирбаатартайгаа энэ кинонд хамт ажиллах, нандин хувь ерөөл тохиосон юм. Тэрбээр “Шинэ оны мэндийг үзэгчдэдээ кино багийнхаа өмнөөс хүргэе. Амьдралд эсрэг дүр гэж үгүй, бүгд өөрийнхөө сайн сайхны төлөө, зөв гэснээ хийдэг. “Улаан явар” кинонд энэ тухай өгүүлэх болно. Та бүхэн туслан сууж, адал явдлаар аялаарай. Дараа нь сэтгэгдлээ хуваалцаарай” хэмээн товчхно ярьсан. Киноны гүйцэтгэх продюсероор О.Итгэл, У.Цогтбаяр нар ажиллажээ.
У.Цогцбаяр: Рэмбо, Жет ли, Жэки чаныг үзэж, ийм дүр бүтээх сэн гэсэн нууцхан хүсдэг байлаа
-Киноны гол дүрийг олох гэж нэлээд хайлаа. Хайсаар боксчин, фитнесийн багш олсон. Би өмнө нь инээдмийн дүр их бүтээсэн. Энэ удаа тулаант киноны дүр бүтээлээ. Бага залуудаа Рэмбо, Жет ли, Жэки чаныг үзэж, ийм дүр бүтээх сэн гэсэн нууцхан хүсдэг байсан. Сая хүсэл мөрөөдлөө биелүүллээ. Дахин тулаант кинонд тоглохгүй. Нас ч явсан. Бие ч дийлэхгүй юм билээ. Хүүхдүүд минь үзэг. Дурсаж явах гоё адал явдалтай учирлаа. Тулаант киноны хүнд хэцүүг яс махандаа тултал зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. “Нохой нүцгэн, гахай явган” уул хадаар гүйгээд л, галт зэвсэг, машинтай хүмүүст “хөөгдөөд” үнэхээр хэцүү байсан. Монгол орны байгалийн гоё сайхныг харуулах гэсэн зорилтдоо хүрсэн гэж бодож байна.
О.Самданпүрэв: “Улаан явар” бол Монголд хийсэн цөөн тулаант кинонуудын нэг
-Бидний хоёр, гурван сарын хөдөлмөр бүтээл болоод гарлаа. Баяртай байна. Тулаант киноны төрөл учраас өмнө нь кинонд гарч байгаагүй элементүүдийг оруулахыг их зорьж ажилласан. Гол нь зураг авалт эхлэхээс өмнө сар хагасын өмнө“Монгол стант” багийнхны удирдлага дор тулааны бэлтгэлд гарсан. Жүдо, бокс, гардан тулаан бүгдэд нь өөрийнхөө чадлаар суралцсан. “Улаан явар” бол Монголд өмнө нь хийж байсан цөөн тулаант кинонуудын нэг.
Б.Хулан: Би ганцаархнаа мэргэжлийн бус байсан
-Миний үндсэн мэргэжил Эрүүл амьдралын цогц дасгалжуулагч. Энэ чиглэлээрээ ажиллаад 10 гаруй жил болсон. Хажуугаар нь сонирхлоороо боксын спортоор хичээллэдэг, ийм нэг энгийн эмэгтэй байна. Кинонд дүр бүтээх санал гэнэт бөгөөд цочмог ирсэн. Кино зохиолоо уншаад жаахан шоконд орсон. Маш хүнд дүр. Буудаад л, хутга эргүүлээд л, өндрөөс үсрээд, оргил булаалдаад л. Машин барьж чадахгүй нэрнээ УАЗ-469 жолоодоод л. Тийм хэдий ч дэлгэцийн уранд бүтээлд дүрээ үлдээх нууцхан хүслээ дагаад эцэст нь зөвшөөрсөн. Зураг авахуулахад зарим үед зүйл их хүнд байлаа. Гэвч 10 гаруй жил спортоор хичээллэж, өөртөө суулгасан, хатуужил тэвчээр маань намайг бэрхшээлээ аз жаргалтайгаар даван туулахад тусаллаа. Мөн би жүжигчдийн дунд ганцаархнаа мэргэжлийн бус байв. Харин эргэн тойрны найруулагч, жүжигчид мэргэжлийн зөвлөгөө өгч, маш сайн тусалж ажилласан. Хэл зүй, биеийн хөдөлгөөн, сэтгэл зүй бүх зүйлээр дэмжсэнд хамт олондоо баярласнаа дахин илэрхийлье.