“Үнэн үү” ток шоугаар олны танил болж, өөрийн имиж, хөгжилтэй байдлаараа бусдаас ялгарч байсан хөтлөгч Р.Нямбаяр телевизийн салбарт харагдахаа болиод олон жил болсон билээ. Тэгвэл тун удахгүй STAR телевизийн бэлтгэн хүргэж буй алдарт "Family feud" шоу нэвтрүүлгийн хөтлөх үзэгч олонтойгоо уулзах нь ээ. Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Яг нэг жил гарангийн өмнө үхэл амьдралын зааг дээр очиж билээ. Хоёр ч удаа эрчимт эмчилгээнд хүргэгдэж жоохон цаг алдсан бол...азтай амжиж ирлээ гэдэг үгийг эмчээсээ сонссон. Миний итгэл найдвар бөхөж байсан ч гаднаа би хүчээр инээмсэглэж юу ч болоогүй мэт байхыг хичээдэг байлаа. Онгоцны буудал дээр хүүхдүүдээ үнсээд явахдаа уйлж сэтгэлийг нь зовоохгүй гээд хальт үнэрлээд бушуухан эргэж билээ. Арван зургаан цаг үргэлжилсэн хагалгаа, жил гаран хоёр сар тутам эмнэлэгт хэвтсэн өдрүүд өнгөрч байгаа ч аюул улам холдож байгааг би мэдэрч байна. Одоо би албан ёсны эрхтэйгээр Star TV хийж байгаа дэлхийн алдартай Family Feud Mongolia шоуны хөтлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. Амьдрал баян гэж юутай үнэн бэ? Миний хийсэн нэвтрүүлэгт дуртай дургүй бүх хүмүүст эрүүл энх, аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсье! Надад ч бас амжилт хүсээрэй" хэмээжээ.
Дэлхийн алдартай “Family feud” шоуг Стар телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өдрөөс эхний дугаараа толилуулахаар болжээ.
“Family feud” буюу “Гэр бүлийн дайралцаан” шоунд хоёр баг 5 сая төгрөгийн төлөө өрсөлдөнө. 100 Монгол хүнээс урьдчилан судалгаа авсан асуултын хамгийн түгээмэл хариултыг нэрлэж, өндөр оноо авч чадсан баг ялагч болох юм. Шоунд энгийн болон олны танил, алдартай эрхэмүүд оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөнө. Хамгийн чухал дүрэм нь “Асуултын хариултууд туйлын үнэн байх албагүй. Зөвхөн 100 Монголчууд юу гэж хариулсан бэ гэдэг л чухал” гэдгээрээ үзэгчдийн болон оролцогчдын элэгийг хөшөөх нэвтрүүлэг юм.