Монгол Улсын түүхэнд хамгийн алдартай эртний нийслэл хотоор нэрийдсэн, ер нь манайд зохион байгуулж буй 3 дахь олон улсын кино наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ кино наадам хүний эрхийн сэдвийг сонгосноороо онцлог байлаа. Анхдугаар “Хархорум” олон улсын кино наадамд нийт есөн орны 14 кино нэр дэвшсэн. Наадмын зохион байгуулагчид арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.
Кино наадмын “Шилдэг уран сайхны кино” төрөлд нийт 10 кино нэр дэвшсэнээс найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино шалгарав. Мөн кино наадмын “Шилдэг баримтат кино” төрөлд нийт 4 кино нэр дэвшсэнээс найруулагч Жордан Брайон, Моника Вилламизар нарын уран бүтээл болох “Transition” баримтат кино, “Шилдэг хүний эрхийн кино” төрөлд “The Animal Kingdom” кино тус тус хүртлээ.
Түүнчлэн “Хархорум” олон улсын кино наадмын зүгээс олон улсын кино наадмуудын жишгээр уран бүтээлчдийг алдаршуулах зорилгоор “FILM ICON AWARD” номинацийг “Гүрү медиа” компанийн продюсер Цэрэнпилийн Ариунаад гардуулсан юм. Энэ нь түүний монголын кино урлагийн салбарт 30-аад жил ажиллахдаа гадаадын уран бүтээлчидтэй хамтран олон кино бүтээлийг продюсерлэн бүтээж, залуу уран бүтээлчдийн авьяас, билгийг нээн илрүүлсэн хувь нэмрийг ийнхүү үнэлсэн явдал юм.