Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ныхон өнгөрсөн баасан, бямба гарагт хоёр өдөр хуралджээ. Эхнийх нь “Хөгжилд эмэгтэйчүүдийн зөвлөгөөн” нэртэйгээр Төрийн ордонд болж, 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн салбар зөвлөлийн удирдлага, тэргүүлэгч гишүүд нь оролцсон байна. Бямба гарагт тэд илүү цомхон бүрэлдэхүүнтэйгээр Монголын хүүхдийн ордонд 13 дугаар чуулганаа зохион байгуулж, ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, хяналтын хорооны гишүүдээ чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцсэн аж.
Тус холбооны 21 аймаг, есөн дүүргийн удирдлага нь МАН-ын гишүүн гэнэ. Тэгэхээр бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МАН-ын хоёр дахь эмэгтэйчүүдийн байгууллага болж таарч буй юм. Нэг намын угшилтай бүсгүйчүүд нь гаднаас “салхи оруулахгүй” сууж байгаад ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийгээ улираан сонгожээ.
Уг нь МЭХ 1924 онд байгуулагдсан, Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага аж.Ирэх онд тус холбооны 100 жилийн ой болно. Эмэгтэйчүүдийн сурч боловсрох, улс төрийн сонгох, сонгогдох, хөдөлмөр эрхлэх боломжийг хангахын төлөө анхны удирдагч, гишүүд нь тууштай ажилласан нь мэдээж. Үүний үр дүнд 1924 оны Үндсэн хуульд эдгээр суурь эрхийг тусгуулж чадсан байдаг. Тэгвэл үүнээс хойш, ялангуяа ардчилсан хувьсгалаас хойших 30 гаруй жилд МЭХ юу хийсэн бэ. Яагаад 100 жилээ тэмдэглэх гэж буй уг байгууллагын талаар нийгэмд тодорхой ойлголт ч үгүй, “сураггүй” байна вэ. Ингэж гайхаж буйгаа олон хүн нийгмийн сүлжээнд илэрхийлжээ.
МЭХ КИНО ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГА БИШ
Монголын эмэгтэйчүүдийн холбоо анх “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр байгуулагдсан юм байна. Анхны даргаар нь шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам ажиллаж байжээ. Улмаар Н.Янжмаа, С.Удвал, Л.Пагмадулам, Д.Мөнхөө, Г.Дашаа, Н.Гэрэлсүрэн, Ж.Эрдэнэчимэг нар холбоог удирдаж байсан бол эдүгээ Б.Оюунгэрэл хэмээх эмэгтэй ерөнхийлөгчөөр нь ажиллаж буй. Сэтгүүлч мэргэжилтэй энэ эмэгтэй өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн сайтуудын ассоциацын тэргүүн байсан юм. МЭХ-ны өмнөх тэргүүнүүд 25 хүртэлх жилээр ч холбоог удирддаг байсан бол эдүгээ таван жилийн хугацаагаар сонгодог болжээ. 2018 онд уг албанд сонгогдсон учраас одоогийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, дахин сонгууль явуулсан нь энэ.
100 жил болж буй тус байгууллагын эмэгтэйчүүдийн эрхийг хангахтай холбоотой хийсэн ажлын талаар уншигч та юу мэдэх вэ. Үнэндээ өнгөрсөн онд хийсэн “Улаан цэцэг” киноны төсөв тойрсон маргаан, холбооны тэргүүн эмэгтэйн өртдөг “Төсвийн мөнгөөр төрийн айлчлалд явахаас өөр ажил хийсэнгүй” гэсэн шүүмжлэл л санаанд бууж байна. Тэд өнгөрсөн хугацаанд ямар ажил хийснийг “ухаж” үзлээ. Уг холбоо жилд нэг том сэдэв, ажил сонгож, төвлөрч ажилладаг гэнэ. 2019 онд бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо”, 2020 онд архины эсрэг “Архитай биш, тархитай тэмцье”, 2021 онд “Хаалга” буюу гэр бүлийн хүчирхийллийн сэдвийг хөндөн ажиллажээ. 2022 онд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн талаар дуугарч, үүний хүрээнд “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл хэрэгжүүлээд нэг жил болж буй юм байна. Улмаар дөрвөн аймгийн 62 сумын 16 мянга гаруй эмэгтэйд хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн оношилгоо хийлгүүлжээ. Уг төслөө ирэх онд ч үргэлжлүүлэх аж. Мөн өсвөр насныханд зориулсан “Нандин” хэмээх төсөл хэрэгжүүлж, үе тэнгийнхний дээрэлхэлт, мэргэжил сонгох зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хийж буйг ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нь ярьсан юм. Түүнчлэн Гэр бүлийн, Зөрчлийн, Эрүүгийн зэрэг хуулийн төсөлд хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар саналаа өгчээ. Гэвч энэ тухай нь нийгмийн олонх яагаад ч юм мэдэхгүй байна.
МЭХ-г 25 жилийн турш удирдсан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал гуайн амьдралаар хийсэн “Улаан цэцэг” киногоор дамжуулж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэй хүн ажиллахад ямар бэрхшээл, саадыг даван туулдгийг харуулахыг зорьсон гэнэ. МЭХ-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийнхний хийсэн уг киног улсын төсвөөс санхүүжүүлсэн тухай мэдээлэл тухайнүед гарч, нийгмийг бухимдуулсан юм. Тэгвэл ерөнхийлөгч Б.Оюунгэрэл үүнийг үгүйсгэж, “Улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Швейцарын хөгжлийн агентлагт төсөл бичиж, тендерт оролцоод тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Мөн хандивын аян зохион байгуулсан. “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл 50, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 50 хувийн санхүүжилтийг нь бүрдүүлсэн” гэсэн билээ.
Уг киног 700 сая төгрөгөөр хийсэн, мөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн эмэгтэйн нэрийг барьж, мөнгө “идсэн” тухай хардлага гарч байлаа. Гэвч тэд гандан буурахгүй нь. Ирэх онд 100 жилийн ойдоо зориулж, МЭХ-ны анхны тэргүүн Д.Пагмадуламын амьдралаас сэдэвлэсэн кино хийгээд эхэлчихсэн, зургийн ажил нь 70 хувьтай яваа гэнэ. Үүнд 600 гаруй сая төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл ч гарав. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр уг киног олон нийтэд түгээх юм байна.
Киногоор дамжуулж бусдыг соён гэгээрүүлдэг нь үнэн. Гэвч энэ холбооны чиг үүрэг, зорилго нь кино хийх биш, хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдэх, эрхийг нь хангахын төлөө ажиллах явдал. Тэгвэл тэд энэ үүргээ хоёрдугаарт тавьчихаад, бизнес хийхэд түлхүү төвлөрөх болжээ. Нэг ёсондоо Монголын эмэгтэйчүүдийн нэрийг барин олон улсаас мөнгө босгодог аргатай болсон байна.
“ЭГЧ” НАР ӨНӨӨ ЦАГИЙН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ТӨЛӨӨЛӨХГҮЙ
13 дугаар чуулганы үеэр тус холбооны дэд ерөнхийлөгч Э.Цэцэгсайхан МЭХ нь эмэгтэйчүүдийг үзэл бодол, нийгмийн байдал, нам үл харгалзан эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажиллах дүрэмтэйг сануулж, аудитын байгууллагаас Б.Оюунгэрэлийн санхүүгийн зөрчлийг илрүүлсэн учраас ямар ч удирдах албан тушаалд сонгож болохгүй хэмээн сануулсан юм. Мөн холбооны удирдлага тэр чигтээ нэг намын гишүүдээс бүрдэж буйг шүүмжлээд ярьж байтал ерөнхийлөгчдөө үнэнч нэгэн “эгч” микрофоныг нь булааж авав. Танхимд байсан эмэгтэйчүүд түүнийг үг хэлүүлэхгүй шуугилдаж, хөөсөн юм. Дуучин Нара тэнд “урилгагүй зочин” болж очоод бас л хөөгджээ. Тэрбээр хуралд оролцогчдыг “Ерөнхийлөгчөө тахин шүтсэн, хуучин сэтгэлгээ, үзэл бодлоосоо салаагүй хэдэн эмэгтэй” хэмээн тодотгосон.
Эсрэг байр суурь илэрхийлсэн хүмүүсийг хөөж гаргаад, тэд “хайрцаг” дотроо эв найртайгаар саналаа хураасан юм байна. Монгол Улсад бүртгэлтэй 30 гаруй мянган ТББ-аас ганц энэ байгууллага л зөвлөгөөнөө Төрийн ордонд хийдэг нь ямархуу улстөржсөн, намчихрдаг газар гэдгийг харуулна. Төрийн ордонд болсон зөвлөгөөний үеэр Б.Оюунгэрэл бүх салбар зөвлөлийн дарга нь ямар ч цалин, төсөвгүй, бор зүрхээрээ ажилладгийг дурдсан юм. Тэгвэл яагаад цалингүй, төсөвгүй байгууллагын ерөнхийлөгч, салбарын удирдлага байх нь түүнд ч, бусдад нь ч тийм чухал байна вэ. Үнэ хөлсгүй ажлыг хэнч сэтгэл гаргаж хийхгүй, тэр тусмаа удаан ажиллахгүй, зууралдахгүй. Тэгэхээр хариулт нь дээр дурдсан “эмэгтэйчүүдийн нэрийг барьж мөнгө босгодог” системд байгаа аж. Холбооны тэргүүн нь гадаад, дотоодод зугаалаад л, сайхан инээмсэглэж, дулаан уур амьсгалтай орчин бүрдүүлэх нь хөгжлийн үндэс болох тухай давтан яриад яваагийн ард мөнгө, бизнес, эрх ашиг байх нь тодорхой. Тэрбээр 2020 онд Орхон аймагт МАН-аас нэр дэвшсэн бол ирэх оны сонгуулиар Говь-Алтайд хүч үзэхээр төлөвлөж буй сурагтай.
МАН дэргэдээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж байгууллагатай. Тэгвэл Монголын эмэгтэйчүүдээр овоглосон ч хэрэг дээрээ МАН-ын “эгч” нар удирдлагыг нь гартаа авсан дахин нэг ТББ тус намд байх шаардлагагүй. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбоог татан буулгах, эсвэл нам дагасан бүсгүйчүүд биш, шинэ цагийн төлөөллөөр сэлбэж, бүтэц, дүрэм, үйл ажиллагаанд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж байж эмэгтэйчүүдийн зөрчигдөж буй эрх ашгийн төлөө жинхэнээсээ ажиллах баг бүрдэнэ. Социалист сэтгэлгээнээсээ салаагүй “эгч” нар өнөө цагийн бүсгүйчүүдийг төлөөлж чадахгүй. Энэ байгууллагад үе үеийн төлөөлөл багтаж, шийдлээ ярилцдаг байх нь чухал.