Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11-нд боллоо. Тус тэмцээнд манай улсын тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр гурван ангилалд оюунаа сорьсон байна. Оролцогчдыг олон улсын чансааны оноогоор нь ангилан өрсөлдүүлсэн аж. Тэднээс манай дөрвөн тамирчин дэлхийн аварга болж, түүхэн амжилт үзүүлжээ. Мөн эмэгтэйчүүдийн 1700 оноо хүртэлх ангилалд монгол шатарчид эхний гурван байрыг эзэлсэн байна. Тухайлбал, уг ангилалд “Монгени” сургуулийн сурагч Б.Анужин алт, Сүхбаатар аймгийн Ц.Анударь мөнгө, “Ласкер” клубийн тамирчин Б.Хүслэнзаяа хүрэл медаль хүртжээ. 1700 оноо хүртэлх эрэгтэйчүүдийн ангилалд “Монгени” сургуулийн сурагч Г.Данзанжунай дэлхийн аварга болжээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 2000 оноо хүртэлх ангилалд “Монгени” сургуулийн Д.Амарсайхан, эмэгтэйчүүдийнхэд Н.Бадамханд нар алтан медаль хүртсэн аж.
Бэлтгэсэн: М.Оч