“Эрсдэлийн үндэсний форум”-ыг 14 дэх жилдээ Монгол Улсын Шадар сайдын ивээл дор энэ сарын 20-22-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Тус форумыг энэ удаа “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, Стандарт, хэмжил зүйн газар хамтран нийслэл болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж, цар хүрээгээ өргөтгөж буйгаараа онцлог аж. Улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэн, шийдлийг эрэлхийлдэг эл форумд төр, иргэний нийгмийн болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцох нь. Энэ удаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буй, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа, эдийн засгийн эрсдэл, түүнийг удирдах, барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ. Өнгөрсөн жилүүдэд уг форумыг “Мандал санхүүгийн нэгдэл” зохион байгуулж иржээ.