Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар нь 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг. Прокурор, мөрдөгчид үүнийг Худалдаа хөгжлийн банканд хууль бус давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгасан юм.
Ингэхдээ байрыг хэт өндөр үнээр авсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг мөн гэж үзээд тус байрны зах зээлийн ханшийн зөрүү 4.9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгдэгч нараас Н.Мөнхбат нь "Мон Лаа" ХХК-д 2014 онд гурван сая ам.долларын зээл олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзжээ. Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, дөрвөн жилийн хорих ял, тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын дэд дарга асан Ч.Отгочулуу болон ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар нарт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, хоёр жилийн хорих ял оноолоо.