2021 оны арваннэгдүгээр сарын 18-нд шүүхээс өрх тусгаарлаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Шүүхийн сахилгын хороо (ШСХ) хэвлэлийнхэнд ажлын үр дүнгээ тайлагнав. Тус хорооны орон тооны есөн гишүүний дөрөв нь шүүгч, тав нь шүүгч бус гишүүн юм. Тэд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оноох үүрэг хүлээсэн хүмүүс. Энгийнээр тайлбарлавал, шүүгч шүүх хурлын үеэр хэргээ анхаарахгүй, утсаа ухсан, шүүгч хүн нөхөр эсвэл эхнэр хамаарал бүхий хүнийхээ компанид хувь эзэмшсэн, үйл ажиллагаанд нь оролцсон, сошиалаар үзэл бодлоо илэрхийлсэн, төрийнхөөс бусад одон медаль авсан, ерөнхий шүүгч, шүүгчтэй гэр бүл, эсхүл төрөл, садангийн холбоотой талаар Ерөнхий зөвлөлд мэдэгдэхгүйгээр ажилласан зэрэг хуульд дурдсан 40 гаруй зөрчлийн мөрөөр ШСХ-ныхон ажилладаг гэсэн үг. Албаны хэллэгээр бол шүүгч хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдол бүртээ эднийхэнд шалгуулна.
Эрүүгийн хэргийг цагдаа шалгаж, прокурор хянаж, шүүх гэм бурууг эцэслэн шийддэг. Харин ШСХ-ны гишүүд зөрчлийг бүхэлд нь шалгаж, хянаж, хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, тэд мөрдөн шалгаж, гэрч дуудаж, шинжээч томилж, төрийн байгууллагаас баримт гаргуулж, тэр ч бүү хэл хилийн чанадаас нотлох баримт авчруулах эрхтэй. 2022 оны байдлаар тус хорооны гишүүд 325 шүүгчид холбогдох зөрчлийн хэргийг шалгажээ. Үүнийг 117 нь хөдөөд ажилладаг шүүгч. Тиймээс ШСХ-ны гишүүд жилийн 365 хоногийн багагүй хугацааг хөдөөд томилолтоор өнгөрүүлдэг. Хамгийн гол нь 2017-2021 онд 74 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан боловч, шүүгч нар шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаснаар 18 нь л хариуцлага хүлээжээ. Харин бусад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг. Гадаадад тэр тусмаа Канадад шүүгч аливаа зөрчилд холбогдсон бол 99 хувь нь ажлаасаа өөрийн хүсэлтээр гардаг гэнэ. Харин Монголд л зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, анхан, давах, хяналтын шатны шүүх хүртэл маргалддаг байна. Сахилгын хорооны гишүүд иргэнээс ирсэн шүүгчтэй холбоотой гомдлыг 30 хоногт шийдэх хуулийн хугацаатай. Нэг сарын дотор уг хэргийг шийдэж дуусаагүй бол дахин 30 хоногоор хугацааг сунгаж өгөх зохицуулалттай аж.
Мөн иргэдээс ирсэн гомдол болгоныг шалгахгүй, тухайн гомдолд дурдсан шүүгчтэй өмнө нь хамт ажилладаг байсан, сайн таньдаг бол хэргийг шалгахаас татгалзах эрхтэй гэнэ. Ийм тохиолдол ч олон гэнэ. Нөгөө талаар дэлхий дахин шүүгчдийн нэгдүгээрт эрэмблэх, мөрдөх үнэт зүйл нь шударга ёс, ёс зүйтэй байдал. Товчхондоо, шүүгчдийн хандлага зөв байх ёстой. Гэтэл “Нээлттэй нийгэм форум”-аас хийсэн, шүүгчдийн ёс зүйн судалгаагаар манай улсын шүүгчид маш муу үнэлгээ авчээ. Энд нэг зүйлийг онцлоход судалгаанд оролцсон иргэдийн олонх нь шүүхээр үйлчлүүлж үзээгүй гэдгээ хэлсэн байсан.
Ингээд шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байдлыг уншигч танд сонирхуулъя.
ШСХ өнгөрсөн хугацаанд 4 шүүгчийг огцруулах шийдвэр гаргажээ. Үүний хоёр нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нар юм. Гурав дахь нь АНУ руу оргон зугтсан шүүгч асан С.Төмөрбат юм. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг огцруулах шийдвэр гаргасан байна. Тухайн шүүгчийн асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй учир энэ удаа нэрийг нь зарлаагүй орхисон. Шүүгчид гар утсаа ухаж, хэргийн оролцогч нарыг үл тоосон, хэрэг маргааныг анхаараагүй зөрчил их гаргадаг байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн шүүхийн гурав, Баянгол дүүргийн шүүхийн нэг, Баянхонгор, Орхон аймгийн шүүхийн нэг нэг шүүгч утсаа ухсан асуудлаар сахилгын шийтгэл сонсжээ. Бас архи ууж, жолооны ард суусан шүүгч цагдаагийн шаардлагыг үл биелүүлж, би шүүгч хэмээн үнэмлэх гаргаж “даналзсан” нь сахилгын шийтгэл оноох үндэслэл болсон байна. Өөр нэг шүүгч зам тээврийн осол гаргасан эхнэрээ хаацайлж, мөн л “Би шүүгч байна, торгуулийг нь дараа төлчихье” хэмээн ослын газраас явсан ч торгуулиа эргэж төлөөгүй тул мөн ШСХ-ны хаалга татжээ. Эсрэгээрээ шүүгчийг хий хоосон хардсан, дам ярианаас сонссон зүйлээ шалгуулна гэх зэргээр эзэн биегүй гомдол ШСХ-нд их ирдэг ажээ.
Сэтгүүлчдэд ШСХ-ны дарга Х.Хашбаатар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар танилцуулсан. Мөн тус хорооны гишүүн, дэд.проф. Ц.Давхарбаяр, гишүүн Б.Сугар нар Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм. Сахилгын хорооны гишүүн О.Номуулин шүүгчийн сахилгын зөрчил гэж юу болох талаар ойлголт өгсөн билээ. Хамгийн сүүлд тус хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг “Шүүхийн сахилгын хорооны нээлттэй байдлын талаар мэдээлэл өгснөөр энэ удаагийн сургалт мэдээлэл өндөрлөсөн юм.