Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсын Полице хотод боллоо. 18 орны 350 тамирчин оролцсон тус тэмцээнд Монголын баг нийлбэр дүнгээр тэргүүлсэн байна. ДАШТ-д манай өсвөр үе, залуучуудын шилдэг 31 тамирчин оюунаа сорьж, зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл буюу нийт 15 медаль хүртсэнээр илт давуу байдлаар хошуучилжээ. Манай улсаас хөвгүүдийн 5-8 насны ангилалд “Монгени” цогцолбор сургуулийн сурагч Н.Хангай, охидын 5-8 насныхад Архангай аймгийн тамирчин Б.Эрмүүнзаяа нар ДАШТ-д түрүүллээ. Мөн хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Шинэ Монгол” сургуулийн сурагч Г.Санчир, охидын 11-13 насанд “Ирээдүй” клубийн тамирчин Э.Даариймаа нар ДАШТ-ий алтан медаль хүртсэн аж. Охидын 14-16 насны ангилалд “Монгени” сургуулийн сурагч, олон улсын мастер Б.Есүй, 17-19 насныханд МУИС-ийн оюутан, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар дэлхийн аварга болсон юм.