Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээнийг Мандалговь сумд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээнд өрсөлдсөн эмэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин М.Ундрам тэргүүлснээр улсын хошой аварга болсон юм. Жил бүр шигшээ дөрөвт шалгаран, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгодог тоглогчдоос Б.Должинзуу удаалж мөнгө, Б.Болор-Эрдэнэ, Г.Сэлэнгэмөрөн нар хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдээс Г.Сэр-Од анх удаа түрүүлж, улсын аварга цолтнуудын эгнээнд жагссан. Тэгвэл Токиогийн олимпод оролцсон ОУХМ Э.Лхагвасүрэн аман хүзүүдэж, М.Манлайжаргал, Ж.Мөнхзориг нар III байр эзэлсэн байна. Эмэгтэйчүүдийн багийн төрөлд “Топспин”, эрэгтэйчүүдийнхэд “Мастерс” клубийнхэн энэ удаа ур чадвараараа бусдыгаа хошуучлав. Дан хосын төрөлд эмэгтэйчүүдээс Г.Сэлэнгэмөрөн, М.Цэцэн, эрэгтэйчүүдээс Б.Билэгт, Ж.Мөнхзориг нар түрүүлжээ.