Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ээлжит сонгууль болохоос жилийн өмнө уг хуульд өөрчлөлт оруулахыг хориглох тухай 82.1 дэх заалтыг “зургаан сараас өмнө” болгохоор гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар төсөл санаачлан энэ сарын 11-нд өргөн барьсан юм. Сонгуулийн зардлыг бууруулах, саналын хуудсыг гараар давхар тоолох зэргээр хуульд нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй хэмээн тэд үзжээ. Ингэхдээ жендерийн тэгш оролцоог хангах буюу эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квотын тухай тэд хөндсөнгүй. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуультай дээрх хуулийг нийцүүлэх шаардлага бий.
Одоо үйлчилж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квот 20 хувь байдаг. 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) дахь эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь 17.8, аймагт 15 байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах хугацааг өөрчилсний дараа дахин “засах” төсөл оруулж ирэх нь.
ХОЁР АЙМГИЙН ИТХ Л ЭМЭГТЭЙ ДАРГАТАЙ
Бид дөрвөн жилд нэг удаа, аравдугаар сарын хагаст багтаан орон нутгийн сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д ажиллах төлөөллөө сонгодог. Энэ сонгууль ирэх онд болох юм. Эдгээр нь тусгай чиг үүрэг, удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бүхий нутгийн өөрөө удирдах байгууллага. Тэд өөрийн төсөв, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Парламент руу зүтгээд амжилт олоогүй хүмүүс аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг зүгээр ч нэг тэмүүлдэггүй байх нь. Эсвэл УИХ-ын гишүүн болохоосоо өмнө шат шатны өөрөө удирдах байгууллагад ажиллаж, туршлага, мэдлэг хуримтлуулах нь ч бий. Юутай ч тэд бол бидний өдөр тутмын амьдралд хамгийн ойр шийдвэр гаргаж, тулж ажиллах ёстой хүмүүс. Тийм ч учраас тэнд хүйсийн тэнцвэрийг хангасан бүрэлдэхүүн ажиллаж, хөрсөн дээр буусан шийдвэр гаргах нь маш чухал байдаг.
Тэгвэл 2020 онд улсын хэмжээнд сонгосон 8200 орчим төлөөлөгчийн 73 хувь нь эрэгтэй, 27 хувь нь эмэгтэй байжээ. НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгод2030 онгэхэдшийдвэргаргахтүвшиндэмэгтэйчүүдийноролцоог30 хувьд хүргэхээр заасантай дөхсөн үзүүлэлт хэдий ч задлаад үзэхэд аймаг, нийслэлийн шатанд эмэгтэй төлөөлөгч, даргын эзлэх хувь хангалтгүй байгаа юм. Энэ шатны төлөөлөгчдийн 16.1 хувь нь бүсгүйчүүд бол зөвхөн Хэнтий, Сэлэнгэ аймгийн ИТХ л эмэгтэй даргатай байна. Харин сум, дүүрэгт эмэгтэй төлөөлөгч харьцангуй олон сонгогджээ. Тэд нийт төлөөлөгчийн 28.3 хувийг эзэлдэг. Гэвч даргын албан тушаалын 14.5 хувьд нь л бүсгүйчүүд байх юм. Сумдад сонгогдсон эмэгтэй төлөөлөгчдийн тоо харьцангуй нэмэгдэж буй ч даргын түвшинд үзүүлэлт хангалтгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өөрөө удирдах байгууллагад нийт 361 дарга байгаагийн 51 нь буюу 14.1 хувь нь эмэгтэй аж.
Аймгаар нь авч үзвэл, Төв 24.4, Архангай 23.1, Дундговь 20 хувиар тэргүүлжээ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл 10 хувьд хүрээгүй ганц аймаг бий нь Увс. Тэндхийн ИТХ-д бүсгүйчүүд дөнгөж 9.8 хувийг эзэлж буй юм.
ОЛОН УЛСЫН ДУНДАЖ ҮЗҮҮЛЭЛТ 33.9 ХУВЬ
Улс төрийн түвшинд жендерийн тэгш байдлыг хангаж чадвал гэр бүл, нийгмийн харилцаанд хүйсийн оролцоо жигд байна гэж үздэг аж. Тогтвортой хөгжлийн зорилгын тавдугаарт тусгасан жендерийн тэгш байдлыг хангах зорилтыг гурван үзүүлэлтээр хэмждэг. Үүний нэг нь орон нутгийн эрх барих байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувиар тодорхойлж, хэмжих үзүүлэлт юм. Дэлхийн 133 улсын байдлыг үүний дагуу тооцож гаргажээ. Олон улсад орон нутгийн өөрөө удирдах байгууллагад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж хувь 33.9 гэнэ. Хүйсийн тэгш байдлыг хангах үзүүлэлтээрээ бүх түвшинд Скандинавын орнууд үргэлж тэргүүлдэг. Улмаар Швед 43.8, Норвег 40.8 хувиар жагсаалтыг тэргүүлж байна. Харин 22.3-23.1 хувьтай “дундаж” гэсэн үзүүлэлттэй орнуудын тоонд Монгол, Итали, Герман, Казахстан, БНСУ орж байгаа юм. Япон, Тайланд, Израил, Турк, Иран зэрэг улсын орон нутгийн өөрөө удирдах байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 20-иос доош байна. Азийн өндөр хөгжилтэй орон хэдий ч жендерийн тэгш байдлыг хангах үзүүлэлтээр Япон “дайнтай” орнуудтай эн зэрэгцсэн байх юм.
ОРОН НУТГИЙНХАН ХҮҮХНҮҮДЭД “ДУРГҮЙ”
Шат шатны ИТХ-д төлөөлөгч сонгосны дараа Үндсэн хуулийн 60.2-т заасны дагуу тэд дотроосоо нэр дэвшүүлэн Засаг даргаа сонгож, дээд шатны удирдлага нь батламжилдаг. Тэгвэл Засаг дарга нарын түвшинд жендерийн тэгш байдлыг хэрхэн хангаж байгааг одоо сонирхъё. 21 аймгаас зөвхөн Ховд л эмэгтэй даргатай байна. Тус аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 70 хувийн саналаар Э.Болормааг Засаг даргаар сонгоод буй. Энэ нь тус аймаг төдийгүй манай улсын түүхэнд анхны эмэгтэй Засаг дарга томилсон тохиолдол болсон юм. Олон аймаг энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Гэтэл ийм урт хугацаанд эмэгтэй Засаг дарга сонгох хүсэл, зориг орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдөд байгаагүй нь харамсалтай. 330 сумын тухайд 36 нь л эмэгтэй даргатай юм байна. Энэ бүхнээс үзвэл орон нутгийн төлөөлөгчид эмэгтэйчүүдийг удирдах албанд сонгох сонирхолгүй, хүүхнүүдэд “дургүй” байх нь. Дэлхий нийтээр хүйсийн тэгш байдлын тухай ярилцаж байхад манай эрэгтэй төлөөлөгчид нүдэн балай, чихэн дүлий сууж, эрх мэдлээ өөрсдөдөө хадгалахыг илүүд үзсээр байгаа аж.
Нийслэлийн төлөөлөгчид ч жендерийн мэдрэмжээр илүүрхсэн зүйл алга. Хоёр өдрийн дараа Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ой тохионо. Хэдэн зууны түүхэндээ нийслэл хот эмэгтэй даргатай байсангүй. Гэхдээ С.Амарсайханы үед Ш.Анхмаа хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч байсан бол хотын шинэ захирагч Х.Нямбаатар УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх байсан О.Номинчимэгийг орлогчоороо томилоод буй. Манайд ийм байдлаар Засаг дарга, Засаг даргын орлогчийг хүйсээр сөөлжүүлж, тэнцвэр барих оролдлого хийж байна. Тэгвэл дэлхийн томоохон хотуудын 20 хувийг бүсгүйчүүд удирдаж эхэлснээр амьдрахад хамгийн таатай, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж эхэлжээ. Харин нийслэлийн дүүргүүдийг бүсгүйчүүд удирддаг туршлага бидэнд багагүй. Тухайлбал, Баянгол дүүргийг 2008-2012 онд Л.Амгалан, 2016-2020 онд С.Одонтуяа даргалж байв. Сүхбаатар дүүрэгт 2004-2006 онд Ж.Цогзолмаа, эдүгээ Х.Болормаа Засаг даргаар ажиллаж буй юм.
Монгол Улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд атал шийдвэр гаргах түвшинд оролцоо нь нэг иймэрхүү л байна. Төлөөлөгч байж болох ч дарга байж болохгүй гэсэн хандлага эрчүүдэд давамгайлжээ. Тэдний хуучирсан сэтгэлгээнд салхи оруулахын тулд ирэх оны орон нутгийн сонгуулиар чадварлаг эмэгтэйчүүдийг түлхүү сонгоё. ИТХ дахь эмэгтэй төлөөлөгчийн тоо нэмэгдээд ирвэл дундаасаа дарга сонгох боломж нь ч өснө. Орон нутгийн сонгуулийн хуульд бүсгүйчүүдийн квотыг адилхан нэмэхийн төлөө идэвхтэй дуугарах хэрэгтэй байна. Хүйсийн төлөөллийг бүх түвшинд жигд хангаж байж хариуцлага, зөв бодлого гаргана.