БНСУ-ын Дэгү хотод “Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт олон улсын зохион бүтээгчдийн тэмцээнийг энэ сарын 21-23-нд зохион байгуулжээ. Зөвхөн ахлах сургуулийн сурагчид оролцдог уг тэмцээний гол онцлог нь орчин үеийн шийдлээр ухаалаг технологийг амьдралдаа нэвтрүүлэх боломжуудыг эрэлхийлэхэд чиглэдэг аж. Үүний хүрээнд хүүхдүүд зохион байгуулагчдын өгсөн сэдвийн дагуу өрсөлддөг байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж гурван баг оролцжээ. Тэднээс ХААИС-ийн харьяа Байгалийн ухаан, технологийн ахлах сургуулийн П.Энхцэцэг багштай “Infinity” багийн сурагчид хоёрдугаар байрт шалгарав.
Мөн тус сургуулийг төлөөлж доктор Ж.Эрдэнэдалай багштай “A green future” баг өрсөлдөн, дөрөвдүгээр байр эзэлсэн аж. Тэгвэл доктор Б.Болормаа багштай “Green system” багийнхан тавдугаар байрт шалгарчээ. Дэгү хотын Шинжлэх ухааны музейд болсон уг тэмцээний хоёрдугаар шатанд манайхнаас гадна БНСУ-ын ес, БНХАУ-ын зургаан багийн сурагчид шалгарч өрсөлдсөн аж. Олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн сурагчид өнөөдөр эх орондоо ирэх юм. Тэд өмнөх жилийн тэмцээнд ч оролцож байжээ.