Өмнөговь аймгийн прокурорын газраас 2023 оны байдлаар орон нутгийн хэмжээнд үйлдэгдсэн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээг авч байна.
Энэ онд тус аймгийн хэмжээнд Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7 хэрэг бүртгэгдэж, холбогдох 9 хүний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Уг гэмт хэргийн хохирогчид бүгд арван найман насанд хүрээгүй хүн байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, 9-12 насны 3, 13-14 насны 2, 15 настай 3, нийт 8 хүүхэд хохирогч болжээ.
Иймд аймгийн прокурорын газраас хүүхдийг дээрх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэн, энэ чиглэлээр хэд хэдэн ажлыг хийгээд байна.
Тухайлбал, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож эрхийг нь хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлаар сургалт зохион байгуулсан байна.
Мөн аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэстэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” хийж, 200 орчим иргэн, хүүхэд багачуудад хууль эрх зүйн зөвлөгөө өгч, санал хүсэлтийг нь хүлээн авчээ.