2026 онд АНУ, Канад, Мексикт болох хөл бөмбөгийн ДАШТ, 2027 онд Саудын Арабт зохион байгуулах Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод манай улсын баг оролцлоо. Монголын шигшээгийнхэн урьдчилсан шатны эхний тоглолтоо энэ сарын 12-нд Афганистаны багтай хийж, 1:0-ээр ялагдсан юм. Уг тоглолт Тажикистанд болсон билээ. Тэгвэл хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатарт болж, манай улсын баг өөрийн талбайд Афганистаны тоглогчдыг хүлээн авлаа. Харамсалтай нь, энэ удаад ч 0:1-ээр ялагдав. Тоглолтын ганц гоолыг Афганистаны багийн ахлагч Фаршад Ноор 71 дэх минутад оруулсан байна. Ингэснээр үндэсний шигшээ багийнхан хоёр тоглолтын дүнд 2:0 харьцаагаар ялагдал хүлээн, дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болсон юм. Харин Афганистаны багийнхан дараагийн шатанд Катар, Кувейт, Энэтхэгийн шигшээтэй өрсөлдөхөөр болов. Ташрамд дурдахад, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар япон мэргэжилтэн Ичиро Оцүка ажиллаж байна. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн сард гаргасан эрэмбээр 207 орноос Монгол 183 дугаарт жагсжээ. Тэгвэл Афганистаны баг 158 дугаарт эрэмбэлэгдсэн аж.
Бэлтгэсэн: М.Оч