Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МҮДЭБ)-ын үйл ажиллагааны талаар Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан танилцуулжээ. МҮДЭБ нь өдөр тутмын шийдвэр, үйл ажиллагаагаа ил тод байлгах, мэдээ, тайлан солилцох, спортын бусад байгууллагатай хамтран ажиллах зэрэг үүргээ биелүүлээгүйг сайд Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцолсон. Дэлхийн допингийн эсрэг байгууллага (ДДЭБ)-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай улсад ноцтой 11, чухал найм, ерөнхий хоёр буюу нийт 21 зөрчлийг арилгах шаардлага ирүүлсэн юм байна. Харин ирэх оны нэгдүгээр сарын 22 гэхэд МҮДЭБ нь ноцтой таван зөрчлийг арилгах үүрэг хүлээжээ.
Үүнтэй холбоотойгоор ДДЭБ-аас гаргасан Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын талаарх зааврын дагуу МҮДЭБ-ын дүрмийг шинэчлэн, зохих дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, сайд Б.Бат-Эрдэнэд даалгажээ. Ингэхдээ тус байгууллагын үүсгэн байгуулагчаас хамааралтай байдлыг арилгах, Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон дэргэдэх хороодын бүтцийг бий болгож, эрх хэмжээг тодорхойлох аж. Мөн МҮДЭБ-ын Удирдах зөвлөлөөс Ц.Уугангэрэлийг тус байгууллагын ерөнхийлөгчөөр томилсон байна.
Бэлтгэсэн: Б.Уран