Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид хүүхэд багачуудыг тусгай хамгаалалттай газар нутагтай танилцуулах, аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Богдхан уулын Манзуширын аманд “Шившлэгтэй зургийн нууц” жүжгээ энэ сарын 21-нд тоглохоор болжээ. Тус театрынхан Панфилова Рыжковагийн зохиолоос сэдэвлэсэн эл жүжгээ өнгөрсөн хавраас эхлэн орон нутгийн үзэгчдэд толилуулсан бол энэ удаа нийслэл, орон нутгийн хүүхэд багачуудад зориулан анх удаа “ойн театр”-т тоглох гэж байна. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт жүжиг толилуулахын ташрамд сурагчдад экологийн боловсрол олгох санаачилгыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасныг дээрх театрын уран бүтээлчид дэмжжээ. “Шившлэгтэй зургийн нууц”-ыг эл өдөр 11.00, 14.00 цагаас тоглох аж. Тасалбарыг нь Манзуширын хийдийн авто зогсоол дахь борлуулалтын цэгээс 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэнэ.