Нэрт хөл бөмбөгч Л.Месси Европыг орхиж, АНУ-ын MLS лигт хөл тавьснаас хойш “Интер Майами” багийг цоо шинэ түвшинд гаргасан. Тэрбээр эхний 11 тоглолтдоо 11 гоол оруулж, шинэхэн багаа анхны цомоо хүртэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Гэвч аргентин тоглогч саяхан гэмтсэнээр талбайгаас холдож, багийнх нь амжилт ч дагаад уруудсан. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цинцинатти” багт 0:1-ийн харьцаатай ялагдсанаар MLS-ийн плей-оффт тоглох боломжгүйд хүрсэн билээ.
Ийнхүү лигийн улирал хоёр тоглолтын дараа дууссанаар Л.Месси ирэх жилийн хоёрдугаар сар хүртэл амралтаа авна. Тэгвэл энэ урт хугацааны амралтыг нь ашиглаж түүнийг лигтээ тоглуулах саналыг Саудын Арабын эрх баригчид тавьж магадгүй гэнэ. Тодруулбал, түүнийг аль нэг багтаа зээлээр тоглуулах саналыг тус улс ойрын хугацаанд тавина гэж “Sky sports”-ын сэтг үүлч Р.Галетти мэдээлжээ. “Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо, Хөрөнгө оруулалтын улсын сан нь Л.Мессийг MLS-ийн улирлын төгсгөл болон ирэх улирлын эхэн хүртэлх хугацаанд эх орондоо тоглуулах боломжийг судалж байна” гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ.
Хэрэв Л.Месси энэ саналыг хүлээж авбал өдгөө “Аль-Наср” багт тоглож буй К.Роналдугийн эсрэг өрсөлдөнө. Л.Месси MLS-т бараг таван сар тоглохгүй. Тийм учраас зээлээр тоглох нь онолын хувьд боломжтой юм. Гэхдээ Л.Месси шигшээ багтаа дөрвөн удаа тоглох хуваарьтайгаас гадна “Интер Майами” нөхөрсөг тоглолтууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа учир түүнийг өөр лиг рүү явуулахгүй байх магадлалтай.
Эцэст нь өгүүлэхэд, Л.Мессийг өнгөрсөн зун “Аль-Хилаль” баг авахаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, жилийн 400 сая еврогийн цалинтай гэрээг санал болгосон билээ.