БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадам өндөрлөх дөхөж байна. Өчигдөр энэ наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг Тайландын боксчныг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тэгвэл өнөө оройн 20:30 цагаас алтан медалийн төлөө Тайванийн тамирчин, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чу Эн Лайтай тулалдах юм.
Б.Чинзориг ялсан тохиолдолд Азийн наадамд түрүүлсэн Монголын гурав дахь (2014 онд Д.Отгондалай, 2018 онд Э.Цэндбаатар түрүүлсэн) боксчин болох бөгөөд тэрбээр тус наадмын хос медальтай Монголын анхны боксчин болж байна. Монголын баг тамирчид “Тегран-1974” Азийн зуны спортын наадамд анхлан оролцоход боксын 60 кг-ын жинд С.Гомбо мөнгө, 54 кг-ын жинд Б.Ганбат хүрэл медаль хүртэж байв.