Монголд ирэх сард болох футзалын АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод бэлдэх зорилгоор шигшээ багийн тоглогчид Тайландын Бангкок хотод хөл тавив. Ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир өнгөрсөн зургадугаар сард тамирчдыг сонгон шалгаруулснаар Төв аймагт байрлах төвд бэлтгэлээ базаасан. Манайхан тэнд бэлтгэл базаахын зэрэгцээ тус улсын футзалын багуудтай тоглохоор төлөвлөжээ. Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, МХБХ-ны А, В зэрэглэлтэй шүүгчдэд ОУХБХ-ны шүүгчийн сургалтыг тав хоног явуулж, шалгалт авчээ. 2010 оноос хойш Монголд олон улсын шүүгчийн сургалт зохион байгуулж буй техникийн сургагч багш Мохаммед Родзали оролцогчдын мэдлэг чадвар ахиж байгааг онцолсон. Тэгвэл фитнесийн сургагч багш Рави бие бялдрын бэлтгэлжилтийг үнэлж, анализ хийн, шилдэг аргуудыг заасан байна. Хаалтын үйл ажиллагааны үеэр Мохаммед Родзалигийн монгол шүүгчдэд зааж сургасан мэдлэг чадвар, оюуны хөрөнгө оруулалтыг үнэлж, МХБХ-ны “Алтан титэм” шагналыг гардуулжээ.