"Монгол" уран сайхны киноны найруулагч, жүжигчин Б.Амарсайхан "Chicago's Asian Pop Up Cinema" фестивалиас "КАРЬЕРЫН ОРГИЛ АМЖИЛТ" шагналыг хүртсэн баярт мэдээг та бүхэнтэй хуваалцъя. АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа энэхүү шагналыг найруулагч Б.Амарсайханд гардуулахдаа “Кино урлагт 24 жил ажиллахдаа Монгол Улсаас анх удаа Netflix-н Марко Поло цувралд дүрээ гаргаж, Монгол төдийгүй Азийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналыг олгох болсондоо баяртай байна” хэмээн дурдсан байна.
Үүнээс гадна "Asian Pop Up Cinema" кино наадам нь Азийн шилдэг кино, тэр дундаа тухайн орны өв соёл, хүн зоныг дүрслэн үзүүлсэн кинонуудаар дамжуулан Азийн соёлыг Америкийн үзэгчидэд хүргэх зорилготой. Энэ жил Азийн 28 орны кино оролцож байгаагаас, найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киног CENTERPIECE буюу ОНЦЛОХ КИНО-роо шалгаруулсан билээ.