Мексикийн Веракруз хотод зохион байгуулж буй пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-д дасгалжуулагч, багш Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлагад манай тамирчид оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав хүрэл медаль хүртлээ. Түүний шагналын салхи хагалсан амжилтыг буухиалж, эрэгтэйчүүдээс 63 кг-д дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөн хүрэл медаль зүүв. Тэд тус тэмцээнээс хэд хоногийн өмнө дэлхийн гранпри тэмцээнд оролцож, медалийн тавцанд зогссон юм. Тодруулбал, алтан медалийн төлөөх тулаанд Г.Болор-Эрдэнэ Италийн шилдэг тамирчин А.Боссолог ялж, аварга болжээ. У.Сүрэнжав аваргын төлөө Египитийн тамирчинтай таарч дийлдэн, мөнгөн медаль хүртсэн байна.