Венецийн олон улсын 80 дахь кино наадамд амжилттай оролцоод ирсэн уран бүтээлчдийн баг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны кинонд бөө залуугийн дүр бүтээсэн Б.Тэргэл “Оризонти” хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч, “Алтан арслан”-гийн эзэн болсныг өмнө дуулгасан. Уран бүтээлчид юу ярьсныг товчлон хүргэе.
Ц.Ариунаа (Тус киноны Монголын талын продюсер):
-Манай улсаас анх удаа 80 жилийн түүхтэй Венецийн олон улсын кино наадмаас бүрэн хэмжээний уран сайхны киногоор тэргүүн шагнал хүртлээ. Энэ бол Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэх үйл явдал юм. Венецийнх бол дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, шинэ авьяаслаг уран бүтээлчид болон тэдний бүтээлийг дэлхийд танилцуулдаг Канн, Берлиний кино наадмуудтай ижил А зэрэглэлийн арга хэмжээ.
Тус наадам нь олон улсын уралдаант, уралдаант бус, классик, “Оризонти” гэсэн үндсэн зургаан хэсэгтэй. Мөн зөвхөн олон улсын уралдаант болон “Оризонти” хэсэг нь шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн жүжигчин, шилдэг найруулагч болон шилдэг кино шалгаруулан алдаршуулдаг. Энэ жил “Оризонти” буюу залуу авьяаслаг кино найруулагч, шинэ кино хэл, дуу хоолойг дэмжих зорилготой хэсэгтээ Монгол, Турк, Мексик, Итали, Испани, Бельги, Тунис, Балба, Шри Ланка, Швед, Голланд, АНУ, Швейцар, Румын, Бразил, Гүрж, Португал, Япон зэрэг 20 гаруй улсын хамтарсан 18 бүтээлийг сонгон, олон нийтийн хүртээл болгосон. Улмаар энэ сарын 10-ны өдөр болон наадмын хаалтаар шилдгүүдийг зарласан юм.
“Сэр сэр салхи” нь олон улсын мэргэжилтнүүдийн хамтарсан бүтээл. Гэхдээ Монголын уран сайхны кино. Үүнд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө, Зэ хочит хүүгийн тухай өгүүлдэг. Киноны нээлт Венецэд болсон даруйгаас олон улсын кино шүүмжлэгчид бичиж эхэлсэн. “IndieWire”, “CineEurope”, “Film experience”, “Screen international”, “Variety” зэрэг сэтгүүлд шүүмж, нийтлэл гарсан. Үзэгчид монгол уран бүтээлчдэд баяр хүргэж байсан тэр мөчүүдийг мартах аргагүй.
Найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо өнгөрсөн онд Венецийн кино наадмын богино хэмжээний киноны хэсгээс “Алтан арслан” шагнал хүртсэн анхдагч юм. Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй “Screen daily” сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр түүнийг нэрлэснийг онцолъё. Киноны зургийг өнгөрсөн оны 9-12 дугаар сард Улаанбаатарт авсан. Монгол, Франц, Португалын 80 гаруй уран бүтээлч ажиллан, 200 орчим гол ба туслах дүр, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутнуудыг оролцуулан тоглуулсан. Гол дүрд залуу жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ нар тоглосон юм. Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин Ц.Ганзориг, Н.Цэнд-Аюуш, Ч.Булган нар туслах дүр бүтээсэн. Ерөнхий зураглаачаар Португалын Вашко Виана, ерөнхий зураачаар Монголын Н.Болор-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Португалын Вашко Мэндонса, гэрэл, техникийн багийн ахлагчаар Б.Түвшинтөгс, гүйцэтгэх продюсероор “Гүрү медиа”-гийн Х.Оюундарь нар ажиллалаа. Киноны олон улсын түгээлтийг Бельгийн “Best friend forever” болон Францын “Arizona distribution” хариуцаж байна. Найруулагч П.Лхагвадулам одоо Португалын Лисбон хотын “Лусофона” их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилон суралцаж байгаа.
П.Лхагвадулам (найруулагч):
-Энэ бүтээлээрээ нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуу хүн монголчуудын соёлын нэг хэсэг болох бөөгийн уламжлалыг тээнгээ хэрхэн сурч, хөгжиж, амьдарч байгааг харуулахыг зорьсон. Нөгөө талаар орчин үеийн Монголын нийгмийн олон талт байдал, зөрчлийг гаргах гэхээсээ илүү янз бүрийн амьдралын түүхээр дамжуулан манай нийгмийн нийлмэл дүр төрхийн тухай өгүүлэхийг хичээсэн юм. Бас уг киног эх орныхоо төлөө өргөж буй “ерөөл” гэж үзэж болно. Гол дүрүүд маань хэд хэдэн удаа хангай дэлхийдээ цай, сүүнийхээ дээжийг өргөж байгаа хэсэг гардаг. Энэ нь найруулагч миний эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө ерөөж байдгийн илэрхийлэл.
Киноны зохиолыг би өөрөө бичсэн. Турк улсад Докуз Эйлүлийн их сургуулийг кино найруулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөнийхөө дараа Монголын үндэсний телевизэд Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн удирдлагад дадлага хийж, баялаг туршлагаас нь суралцсан. СУИС-ийн Радио, телевизийн сургууль болон Кино урлагийн дээд сургуульд багшилж, ажлын туршлага хуримтлуулсан юм.
Би эмч болох тухай боддог байлаа. Турк улсад хэлний бэлтгэлд суралцаж байхдаа мэргэжил сонгохдоо эмч гэхийн оронд кино найруулагч гээд биччихсэн. Үнэн хэрэгтээ эмч, кино найруулагч хоёр төстэй мэргэжил юм гэдгийг хожим ойлголоо. Эмч нь хүний биеийг, харин кино сэтгэлийг эмчилдэг. “Сэр сэр салхи”-ийг бүтээх гэж бараг таван жил зарцуулсан. Монголын болон гадаадын олон мэргэжилтний хамтын ажиллагаа, манай улсын Соёлын яам, Кино урлагийн зөвлөлийн дэмжлэггүйгээр бүтэхгүй байлаа. Би азтай найруулагч. Манай улс Киноны тухай хуультай болсноор уран бүтээлчдэд янз бүрийн боломж нээгдэж эхлэх үед би киноныхоо санааг зохиол болгож байсан юм билээ. Хугацаа нэлээд зарцуулж байсан тул “Үүнийг санасандаа хүртэл хийж чадахгүй бол ерөөсөө кино гэдэг юмыг орхиё” гэж бодож байсан удаатай. Гэтэл олон улсын наадмын дээд шагнал авчихлаа. Надад юу хамгийн гоё санагдсан гэхээр Венецэд киногоо үзүүлэхэд манай гол дүрийн хоёр жүжигчнийг гудамжаар хүмүүс явуулахгүй, тойрч бүчээд, баяр хүргэж байх тэр мөч хамгийн гоё байсан. Надад тэр л хангалттай байсан.
Б.Тэргэл (гол дүр бөөд тоглосон жүжигчин):
-Намайг гол дүрд шалгуулах гэхэд, мөн жүжигчин болно гэж ярихад хамт ажиллаж байсан хүмүүс “Монголоор дүүрэн жүжигчин байхад яах гэсэн юм бэ. Зураглаачаар суралцах нь дээр” хэмээн зөвлөж байлаа. Одоо бол жүжигчин болно л гэж хэлнэ. Аав, ээждээ “Би “Алтан арслан”-гийн эзэн болж гэнэ” гэж хэлэхэд манай хоёр үнэмшээгүй. Би ч бас итгэж ядаад байсан. Надад их гоё байна аа.
А.Номин-Эрдэнэ (Маралын дүрийг бүтээсэн жүжигчин):
-Би гол дүрд тоглохоор шалгуулаад хүлээгээд л байв. Хариу байдаггүй. Дараа нь найруулагч дахиад эмэгтэй жүжигчин хайж байна гэсэн сураг гарахаар нь уйлсан. Яагаад ч юм би энэ кинонд тоглохыг маш их хүссэн юм. Маралын дүрийг өөрт байгаа бүхий л нөөцийг дайчилж бүтээлээ. Эд, эс бүхнээ зориулсан. Магадгүй насан туршийн минь хайртай дүр байх болов уу. Эмэгтэй найруулагчтай ажиллах үнэхээр таалагдсан. Найруулагч П.Лхагвадуламтай ажиллах сайхан байлаа.
Б.Сэргэлэн (Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга):
-Би товч үг хэлье. Яагаад гэвэл гол баатрууд ярих цаг юм. Соёлын яам байгуулагдаад гурван жил болсон. Энэ хугацаанд амжуулсан ажлуудын, ялангуяа кино урлагийн салбарын эрх зүйн орчныг сайжруулсны үр дүн гарч эхэлж байна. Залуу уран бүтээлчдийг зоригтой дэмжих бодлого маань оновчтой байна гэдгийг харлаа. Венецийн олон улсын кино наадам бусад А зэрэглэлийн наадмаас арай өөр юм билээ. Тэнд кино нь урлагийн сайн бүтээл болж чадсан уу, үгүй юү гэдэгт онцгойлон анхаардаг юм. Тийм ч учраас олны хөлөөс зайдуу, Венец хотын ойролцоо байгалийн үзэсгэлэн бүрдсэн, намуун орчин бүхий аралд зохион байгуулж, сайтар шүүдгийг үзлээ. Монголын уран бүтээлчид тэр шалгуурыг давж гартал бүтээл туурвиж чадсан.
Ч.Ундрал (Кино урлагийн зөвлөлийн дарга)
-Зөвлөл жил гаруйн өмнө байгуулагдсан. Бодлогоо тодорхойлон, ажлуудаа дэс дараатай хийж байна. Багахан хугацаанд ч гэлээ хэд хэдэн уран бүтээлчийг дэмжиж ажиллахад, санхүүгийн хувьд багахан дэмжлэг үзүүлэхэд амжилт гаргахыг олж харлаа. Энэ нь бахархалтай. Каннын кино наадамд Э.Золжаргал найруулагч “Баавгай болох сон” гэдэг бүтээлээрээ бас амжилттай оролцсоныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Ажил ар араасаа ундарч байна. Тун удахгүй БНСУ-ын Бусаны кино наадамд уран бүтээлчдээ оролцуулахаар болсон. Цаашид “Оскар”-т өрсөлдүүлэх кино шалгаруулна. Кино урлагийн зөвлөл олз омог ихтэй байна.
Найруулагч П.Лхагвадуламаас киногоо яагаад “Сэр сэр салхи” гэж нэрлэснийг асуухад “Бөө байхын учир, явдалтай холбож, монгол ардын “Сэр сар салхи” дууны ая данд хөтлөгдөж ийнхүү нэрлэсэн юм” гэлээ. “Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сард болох бөгөөд үүнийг “Сэр сэр салхи” уран сайхны киногоор нээх юм байна. “Тэнгис”, “Prime сineplex” зэрэг театрт үзэх боломжтой.