Италийн хөлбөмбөгийн холбоо болон “Career number app” төслийнхөн хамтран Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол дахь хөлбөмбөгийн талбайд өчигдөр 8-14 насны 120 хүүхдийн дунд хөлбөмбөгийн сургалт зохион байгууллаа. Дээрх төслийн зохицуулагч О.Баяржаргал “Италийн хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны гэрээтэй “World camp international” байгууллагаас бидэнтэй холбогдож, хүүхдүүдэд хөлбөмбөгийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулъя гэсний дагуу өнгөрсөн нэгдүгээр сард анх гэрээ хийсэн. Уг сургалтыг зургадугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөсөн ч хүүхдүүдийн хичээл дуусаж, шалгалт нь эхэлсэн тул энэ сар хүртэл хойшлуулсан юм. Манай багийнхан ганц хөлбөмбөг гэлтгүй спортын өөр олон төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд амжилт гаргахад гүүр нь болохын төлөө аппликэйшн бүтээсэн. Үүгээрээ дамжуулан сургалтын бүртгэлээ наадмын дараагаас эрчимтэй хийсэн. Сургалтад хамрагдахаар 1250 хүүхэд бүртгүүлснээс 120-ийг нь шалгаруулсан юм” гэв.
Италийн хөлбөмбөгийн холбооны зүгээс уг сургалтыг дэлхийн 37 оронд жил бүрийн зун зохион байгуулдаг бөгөөд улс болгоноос гурван хүүхэд сонгон шалгаруулж, хөлбөмбөгийн академидаа үнэгүй суралцуулдаг аж. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад Монголын хөлбөмбөгийн лигийн DM, “Дэрэн”, “Хоромхон” клубт тоглодог Д.Анхням, Ч.Энхсүлд, М.Тэмүүн нар сонгогдож, Италийн хөлбөмбөгийн академид суралцахаар боллоо.
Бэлтгэсэн: Б.Оргил