Дэлхийн 30 гаруй улсад жил бүр зохион байгуулдаг уламжлалтай “Itallian soccer camp” арга хэмжээг Монголд нутагшуулах эхлэлийг тавилаа. Манай улсын Хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хорооноос тавьсан санал хүсэлтийг үндэслэн хөлбөмбөгийн зуны сургалтыг уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Эхний жилийн сургалтыг “Дэлхийн аваргын эрэлд” уриан дор явуулах бөгөөд бүртгүүлсэн 1200 гаруй хүүхдээс 8-14 насны 120-ийг нь хамруулахаар төлөвлөжээ. Уг сургалтыг удирдан явуулах дэлхийн аварга, алдарт хөлбөмбөгчин Ж.Замбротта Италийн шигшээ багийн дасгалжуулагч болон олны танил бусад тамирчны хамт манай улсад хэдийн ирсэн байна. Сургалтад хамрагдсан хүүхдүүдээс 3-5-ыг нь сонгож, Олон улсын хөлбөмбөгийн баярт оролцуулах аж. Ж.Замбротта болон түүнтэй хамт ирсэн Сванн Ритозза нар нь спортын ертөнцөд өөрсдийн орон зайг эзэлсэн, нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай нөлөө бүхий хүмүүс тул манай орныг олон улсад сурталчлах гүүр болно хэмээн аялал жуулчлалын салбарынхан сайшааж байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл