Дэлхийн алдарт 80 дахь удаагийн Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр Сэр Салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа.
Б. Тэргэл Венец дэх дэлхийн нээлтийн арга хэмжээнд оролцсон хэдий ч шагнал гардуулахаас өмнө Монгол руу буцсан байсан ба түүнийг төлөөлж продюсер Катя Хазак шагналыг хүлээн авчээ.
Венецийн Олон Улсын Кино Наадам нь дэлхийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй кино наадмуудын нэг юм. Жил бүр олон улсын кино урлагийн өнөөгийн байдлыг илтгэх үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сэтгэл хөдөлгөм бөгөөд шилмэл кинонуудыг сонгож үзэгчдэд танилцуулдгаараа онцлогтой.
Кино урлагийн зөвлөлийн дэргэдэх “Кино урлагийг дэмжих сан”-аас дэмжсэн 11 төслийн нэг билээ. Кино урлагийг дэмжих сан нь Монголын кино урлаг, кино уран бүтээлчдийг дэмжих, дэлхийд өрсөлдөх кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой орчин цагийн Монголын кино бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэхүү чиг үүргийнхээ хүрээнд төслүүдийг шалгаруулсны нэг нь энэхүү “СЭР СЭР САЛХИ” уран сайхны кино билээ.