Шинэ Зеландын Окленд хотын 43 мянган хүний суудалтай “Эден парк” цэнгэлдэхэд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээний эхний хагас шигшээ тоглолт боллоо. Энэ тоглолтод Испани, Шведийн баг “тулалдав”. Ингээд 2:1 харьцаагаар Испанийн шигшээ багийн яллаа. Испаничууд энэ дэлхийн аваргаар хэсэгтээ Коста-Рикаг 3:0, Замбийг 5:0-ээр хожиж, Японд 0:4-өөр “тоосоо гөвүүлээд”, хэсгээсээ хоёрт шалгарсан. Харин шөвгийн 16-д Швейцарыг 5:1-ээр төвөггүй хожсон бөгөөд шигшээ наймд Нидерландын багтай хүндхэн тоглолт хийж, нэмэлт цагт 2:1-ээр хожин, анх удаа ДАШТ-д шөвгөрсөн билээ.
Харин Шведүүд хэсэгтээ ӨАБНУ-ыг 2:1, Италийг 5:0, Аргентиныг 2:0-ээр ялсан. Ингээд тэд хэсгээ тэргүүлээд, хасагдах шатанд дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын багийг торгуулийн цохилтоор буулган авсан юм. Цаашлаад шөвгийн наймд 2011 оны дэлхийн аварга Японы хүчтэй багийг 2:1-ээр ялсан билээ. Ийнхүү хоёр дэлхийн аварга багийг дараалан ялсан тэднээс хүлээх зүйл их байв. Гэвч Испанийн баг тоглолтын эхнээс л бөмбөг эзэмшиж, илүүрхэж тоглолоо. Харин Шведийн баг дэндүү хаширлаад, олигтой довтолгоон үзүүлсэнгүй эхний үе 0:0-ээр өндөрлөв. Хоёрдугаар үеийн эхний хагас цагт ч багуудын тоглолт хэвээрээ, үр дүн ч өөрчлөгдсөнгүй. 81 дэх минутад сэлгээгээр талбайд орсон Испанийн залуу довтлогч (19 настай) Паральуэло тоглолтын эхний гоолыг орууллаа. Тэрбээр өмнө нь Нидерландтай хийсэн тоглолтод мөн л сэлгээгээр талбайд гарч ирээд гоол оруулж байсан юм.
Шведүүд 88 дахь минутад хариу гоолыг оруулсан. Гэсэн ч хүйтэн салхитай, бороо шивэрсэн зэврүүн үдшийг тоолгүй цэнгэлдэхэд ирсэн хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөдлөл бараг дарагдаж амжаагүй байхад Испанийн Кармона 89 дэх минутад 16-гийн шугамын гаднаас тун гоё цохиж, хожлын гоолыг оруулснаар “Ла роха” финалд шалгарлаа. Тэд Австрали-Английн багийн ялсантай ньэнэ сарын 20-нд аваргын цом, алтан медалийн төлөө өрсөлдөх юм.