Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хагаст 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 онд төвлөрүүлсэн татварын орлогын 73 хувьтай тэнцэж буй бол коронавирус тархсан 2020, 2021 оны үзүүлэлтийн нэгийг нь давж, нөгөөхөд нь ойртжээ. Тодруулбал, манай улсад аялал жуулчлал эрхлэгчид 2019 онд 87.1, 2020 онд 47.1, 2021 онд 65 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Өчигдрийн байдлаар Монголд 393 461 жуулчин ирээд байв. Манай улсыг зорих гадаадын иргэдийн урсгал энэ хэвээр хадгалагдсаар байвал оны сүүлч гэхэд жуулчны тоо, салбарын орлого, татварын хэмжээ цар тахлын өмнөх үеийнхийг давах төлөвтэй гэж БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтнүүд тооцоолжээ.